Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Хөрөнгө оруулалтын газрын удирдлагатай уулзав

2025 оны 02-р сарын 19 өдөр, 16 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
480551061_1099521885535188_1504224211560789167_n

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Оманы Хөрөнгө оруулалтын газарт зочилж, тус газрын удирдлагатай уулзав. 

Уулзалтаар Гадаад харилцааны сайд “Алсын хараа-2050” Монгол Улсын Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега төслүүдийн талаар танилцуулж, Оманы Хөрөнгө оруулалтын газартай хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов. Энэ хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн Оман руу экспортлох нөхцөлийг бүрдүүлэх саналыг тавив.

Тус сангийн зүгээс өөрийн үйл ажиллагаа, тэргүүлэх зорилтуудын талаар танилцуулаад Монгол Улстай уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахад бэлэн байгааг онцлов. 

Түүнчлэн Оманы Хөрөнгө оруулалтын газрын Узбекистан, Вьетнам зэрэг улстай хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулсан туршлагын дагуу Монгол, Оманы хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж, улмаар Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг эрэлхийлэхээр талууд тохиролцов. Энэ хүрээнд тус сангийн төлөөлөгчид ойрын үед Монгол Улсад ажиллахаар болов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ онд зохиогдох Монголын эдийн засгийн форумын талаар танилцуулж, Оманы хөрөнгө оруулалтын газраас тус форумд төлөөллөө оролцуулахаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2 дугаар сарын 19-ний өдөр Оманы Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Шадар сайд Асад Аль-Тарик-тай уулзаж, Гадаад хэргийн сайд Бадр Аль-Бусайдитай албан ёсны хэлэлцээ хийнэ.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх