Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Оманы Хөрөнгө оруулалтын газарт зочилж, тус газрын удирдлагатай уулзав.
Уулзалтаар Гадаад харилцааны сайд “Алсын хараа-2050” Монгол Улсын Монгол Улсын урт хугацааны бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега төслүүдийн талаар танилцуулж, Оманы Хөрөнгө оруулалтын газартай хамтран ажиллах чиглэлүүдийн талаар санал солилцов. Энэ хүрээнд Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолууран бүтээгдэхүүн Оман руу экспортлох нөхцөлийг бүрдүүлэх саналыг тавив.
Түүнчлэн Оманы Хөрөнгө оруулалтын газрын Узбекистан, Вьетнам зэрэг улстай хөрөнгө оруулалтын хамтарсан сан байгуулсан туршлагын дагуу Монгол, Оманы хамтарсан хөрөнгө оруулалтын санг байгуулж, улмаар Монгол Улсад хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжийг эрэлхийлэхээр талууд тохиролцов. Энэ хүрээнд тус сангийн төлөөлөгчид ойрын үед Монгол Улсад ажиллахаар болов.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ онд зохиогдох Монголын эдийн засгийн форумын талаар танилцуулж, Оманы хөрөнгө оруулалтын газраас тус форумд төлөөллөө оролцуулахаа илэрхийлэв.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2 дугаар сарын 19-ний өдөр Оманы Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Шадар сайд Асад Аль-Тарик-тай уулзаж, Гадаад хэргийн сайд Бадр Аль-Бусайдитай албан ёсны хэлэлцээ хийнэ.