Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам)-ын энэ оны гуравдугаар сарын ээлжит уулзалтад оролцож, салбарын бодлого, өөрийн байр сууриа илэрхийллээ.
АмЧам Монгол нь АНУ-Монгол Улсын эдийн засаг, бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах зорилготой, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Тус байгууллага тодорхой чиглэлийн дөрвөн хороотой бөгөөд үүнд хөдөө аж ахуйн хороо гэж бий. Уг хороогоор танхимын гишүүд болох хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд өмнөө тулгамдсан асуудлаа хэлэлцэж, шийдэх гарцаа тодорхойлдог аж.
Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын гол зорилт нь импортыг орлох, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрүүл, аюулгүй хүнсээр хүн амыг хангах, хүнс экспортлогч орон болох юм. Уг зорилтыг хангах хүрээнд хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах нь зөв алхам гэж үзэж байна.