НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул өөрийн сонгогдсон БЗД-ийн 20, 23-р хороонд ажиллалаа. Бидний эхний очсон газар 23-р хорооны “Болор” дэлгүүрийн ойролцоох 211-р цэцэрлэгийн дэргэдэх “Унагалдай” гэр цэцэрлэг. Энэ жил шинээр нээгдсэн тус цэцэрлэг 2 настай хүүхдүүдээ хүлээн авчээ. Хоёр гэрийнхээ дунд бойлуураар халуун хүйтэн усаа шийдэж, угаалтуур, бие засах хэсгээ байрлуулсан нь оновчтой шийдэл байлаа. Харин бохирын асуудал хүнд учир хүүхдүүд тус бүрт таних тэмдэг бүхий суултуур байрлуулжээ.
НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул 211-р цэцэрлэгийн дэргэдэх гэр цэцэрлэгийн төсөв хөрөнгийг шийдэхэд бодитой тус болж, зарим тохижилтын санхүүжилтыг хувиасаа шийдсэн байна. Тус цэцэрлэгт өнгөрсөн жил 256 хүүхэд хамрагдаж байсан бол энэ жил 3 бүлэг шинээр нэмж 394 хүлээн авчээ.
Цэцэрлэгийн эрхлэгч Н.Энхцэцэг “НИХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул гэр цэцэрлэг байгуулах ажлыг дэмжиж, хувиасаа хоёр гэр шийдэж өгсөн юм. Ингээд 9 сарын 1-нд шинээр 25 хүүхэд хүлээж авахаар бүртгэсэн боловч холбогдох газрууд нь багшийн орон тоог шийдэж өгөөгүй. Нэгэнт хүүхдүүдээ бүртгэсэн учраас бусад бүлэгтээ шингээн хуваарилаад байна. Багшийн орон тоог нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна” гэлээ.
Тэрбээр БЗД-ийн Төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийслэлийн боловсролын газарт албан бичгээр хандаад байгаа аж. НИХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул дээрх нөхцөл байдалтай биечлэн танилцаад “Багшийн орон тоог холбогдох газруудад хандаж батлуулах, доголдолтой байгаа халаалтын системийг засварлахад шаардагдах хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгах ажлыг шийдүүлэхийн төлөө ажиллахаа амласан юм. Тус цэцэрлэгт энэ жил 330 хүүхэд хамрагджээ. Үүний цаана хамран сургах тойргийн 300 хүүхэд цэцэрлэггүй үлдээд байгаа юм.
НИХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуулын сонгогдсон БЗД-ийн 20, 23-р хороо хотын төвөөс алслагдсан, хүн амын суурьшил төвлөрсөн. Тэдэнд тулгамдаж байгаа цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, төрийн болон банкны үйлчилгээ, гудамж зам, гэрэлтүүлэг, сургуулийн орчны тохижилт гээд олон асуудлыг шийдэхийн төлөө санаачлагатай ажилладаг, тойргийнхоо иргэдтэй тогтмол уулзаж амьдрал ахуйтай нь танилцдаг гээд НИХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуулд иргэд ам сайтай байлаа.