НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул гэр цэцэрлэгүүдэд ажиллалаа

2017 оны 09-р сарын 21 өдөр, 15 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
erdenetuul

НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул өөрийн сонгогдсон БЗД-ийн 20, 23-р хороонд ажиллалаа. Бидний эхний очсон газар 23-р хорооны “Болор” дэлгүүрийн ойролцоох  211-р цэцэрлэгийн дэргэдэх  “Унагалдай”  гэр цэцэрлэг. Энэ жил шинээр нээгдсэн тус цэцэрлэг 2 настай хүүхдүүдээ хүлээн авчээ. Хоёр гэрийнхээ дунд бойлуураар халуун хүйтэн усаа шийдэж, угаалтуур, бие засах хэсгээ байрлуулсан нь оновчтой шийдэл байлаа. Харин бохирын асуудал хүнд учир хүүхдүүд тус бүрт таних тэмдэг бүхий суултуур байрлуулжээ.

НИТХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул 211-р цэцэрлэгийн дэргэдэх гэр цэцэрлэгийн төсөв хөрөнгийг шийдэхэд бодитой тус болж, зарим тохижилтын санхүүжилтыг хувиасаа шийдсэн байна. Тус цэцэрлэгт өнгөрсөн жил 256 хүүхэд хамрагдаж байсан бол энэ жил 3 бүлэг шинээр нэмж 394 хүлээн авчээ.

Гэр цэцэрлэгийн халаагуурын санхүүжилтыг шийдвэрлэв 
Цэцэрлэгийн эрхлэгч н.Бямбаахүү “гэр цэцэрлэгтээ 2 настай хүүхдүүдээ хүлээн авсан. Одоогоор халаалтын асуудлаа хараахан шийдээгүй байна. Энэ байдлаа С.Эрдэнэтуул төлөөлөгчид уламжилж, дэмжлэг хүссэний үр дүнд халаагуурын асуудлаа шийдэхээр болж байна. Хүүхдүүд шалан дээр унтаж байгаа учраас шалны халаалт тохиромжгүй гэж үзээд гэрийнхээ хаана ч байрлуулж болдог халаагуур байршуулна. БНСУ-аас оруулж ирдэг халаагуур юм билээ. Удахгүй хүлээн авна” гэсэн юм.Гэр цэцэрлэгээс гадна хоёр давхар хувийн байшинг түрээсэлж,3-4 настай хоёр бүлэгт 45 хүүхэд хамруулж, ойролцоох “Урам өргөө” хувийн цэцэрлэгт 3 бүлэг нээсэн тухайгаа ярьлаа. Энэ мэт байж болох бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж хамран сургах тойргийн цэцэрлэгийн насны хүүхдүүдийнхээ 60 хувийг хүлээн авчээ.

Багшийн орон тоог яаралтай шийдэхээ амлалаа 
Бидний дараагийн очсон газар бол 20-р хорооны 63-р цэцэрлэг. Хамран сургах тойргийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах хувийг нэмэгдүүлэхийн тулд НИХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул 2 гэр хандивлаж, гэр цэцэрлэг ажиллуулах төсвийг 2017 оны хагас жилийн төсвийн тодотголоор цэцэрлэгийн төсөвт суулгажээ. Харин тус цэцэрлэгт ажиллах багш, туслах багшийн 2 орон тоог холбогдох төрийн байгууллагууд шийдээгүй байгаагаас гэр цэцэрлэгтээ хүүхдүүдээ хүлээн авч чадаагүй байна.

Цэцэрлэгийн эрхлэгч Н.Энхцэцэг “НИХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул гэр цэцэрлэг байгуулах ажлыг дэмжиж, хувиасаа хоёр гэр шийдэж өгсөн юм. Ингээд 9 сарын 1-нд шинээр 25 хүүхэд хүлээж авахаар бүртгэсэн боловч холбогдох газрууд нь багшийн орон тоог шийдэж өгөөгүй. Нэгэнт хүүхдүүдээ бүртгэсэн учраас бусад бүлэгтээ шингээн хуваарилаад байна. Багшийн орон тоог нэн яаралтай шийдэх хэрэгтэй байна” гэлээ.

Тэрбээр БЗД-ийн Төрийн сангийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийслэлийн боловсролын газарт албан бичгээр хандаад байгаа аж. НИХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуул дээрх нөхцөл байдалтай биечлэн танилцаад “Багшийн орон тоог холбогдох газруудад хандаж батлуулах, доголдолтой байгаа халаалтын системийг засварлахад шаардагдах хөрөнгийг ирэх жилийн төсөвт суулгах ажлыг шийдүүлэхийн төлөө ажиллахаа амласан юм. Тус цэцэрлэгт энэ жил 330 хүүхэд хамрагджээ. Үүний цаана хамран сургах тойргийн 300 хүүхэд цэцэрлэггүй үлдээд байгаа юм.

НИХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуулын сонгогдсон БЗД-ийн 20, 23-р хороо хотын төвөөс алслагдсан, хүн амын суурьшил төвлөрсөн. Тэдэнд тулгамдаж байгаа цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ, төрийн болон банкны үйлчилгээ, гудамж зам, гэрэлтүүлэг, сургуулийн орчны тохижилт гээд олон асуудлыг шийдэхийн төлөө санаачлагатай ажилладаг, тойргийнхоо иргэдтэй тогтмол уулзаж амьдрал ахуйтай нь танилцдаг гээд НИХ-ын төлөөлөгч С.Эрдэнэтуулд иргэд ам сайтай байлаа.

С.Сүрэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх