Монголчууд олимпийн 20 эрх өвөртлөөд байна

2016 оны 03-р сарын 28 өдөр, 15 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ЭМСЯ-ны харъяа Биеийн тамир, спортын хөгжлийн төв нь Монгол Улсын насанд хүрэгчдийн Үндэсний шигшээ багийг спортын 17 төрлөөр байгуулж, 125 тамирчин, 36 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй спортын сургалт дасгалжуулалт явуулж байна.

Үндэсний шигшээ багийн тамирчид 2016 он гарсаар спортын 14 төрлөөр олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн 38 тэмцээнд оролцож алт 17, мөнгө 16, хүрэл 36, нийтдээ 69 медаль хүртжээ. Үндэсний шигшээ баг тамирчид Бразилийн “РИО 2016” зуны XXXI олимп, паралимпийн XY наадамд оролцох 20 эрхийг өнөөдрийн байдлаар аваад байна. Тухайлбал, спортын 3 төрөлд 13 эрх: чөлөөт бөх 9 хүн, буудлага 3 хүн, байт харваа 1 хүн, пара спортын 5 төрөлд 7 эрх, пара жүдо бөх 2 хүн, пара байт харваа 2 хүн, пара буудлага 1 хүн, пара хөнгөн атлетик 1 хүн, пара пауэрлифтинг 1 хүн эрхээ өвөртөлжээ.

Үндэсний шигшээ баг тамирчид “Рио 2016” зуны XXXI олимп, паралимпийн XY наадамд оролцох эрх олгох, оноо цуглуулах дараах 16 тэмцээн /спортын төрөлд 15, пара спортын төрөлд 1/-д оролцохоор бэлтгэл сургуулилтаа эрчимтэй базааж байна.

ЭМСЯ, БТСХТ, МҮОХ-ны Ажлын хэсэг Бразил улсад 2016 оны 3 сарын 13-17-нд албан ёсны айлчлал хийсэн юм. Төлөөлөгчид Монголын баг тамирчдыг “Рио 2016” зуны XXXI олимпийн наадмын өмнөх бэлтгэлийн цагийн зөрүү, цаг агаарын орчин нөхцөлд дасан зохицох зорилгоор анх удаагаа хилийн чанадад бэлтгэлийн баазыг Бразил улсын Волта Редонда хотын “Сомар” спортын бэлтгэлийн төв (Велла Виста зочид буудал)-ийг сонгож энэ төвд байрлаж, хооллож, зочид буудал, спортын тоног төхөөрөмжийг ашиглан, бэлтгэл сургуулилтаа хийж байх үйлчилгээг авахаар “Санамж бичиг” байгуулжээ.

Ийнхүү олимпийн наадмын өмнөх бэлтгэлийг эдгээр байгууллагууд хамтран өөрсдийн бүх боломжоо ашиглан хангаж ажиллахаар шийдвэрлэсэн байна.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх