Манай  жүдочид Гүржийн гранпригаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртээд байна

2016 оны 03-р сарын 28 өдөр, 15 цаг 23 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Олон улсын жүдо бөхийн холбоо 2016 онд 45 тэмцээн зохиохоор төлөвлөсөн.Түүнээс хамгийн олон нь Европ тивд болно. Буурал тивд болох ес дэх тэмцээн Тбилисийн гранпри энэ сарын 25-27-нд боллоо. Дэлхийн 67 орны 389 жүдоч олимпийн эрхийн онооны төлөө хүчээ үзсэн тус тэмцээнээс шигшээ бөагийнхан дөрвөн медаль хүртсэн. Тодруулбал эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт, МУГТ Д.Амартүвшин Гүрж, Казакстан, Бразилын бөхчүүдийг торгуулаар илүүрхэн хагас шигшээд шалгарсан. Улмаар зооны аваргын төлөө өмнөх тойрогт Г.Болдбаатарыг ялсан Туркийн Бекир Озлуг цаг дуусахаас 27 секүндийн өмнө цэвэр савж финалдахаар болсон. Аваргын төлөөх барилдаанд 23 настай Узбек залуу Диорбек Урозбоевт хоёр вазаригаар ялагдан мөнгөн медалийг энгэртээ зүүлээ.

Энэ жингийн 2014 оны дэлхийн аваргын тэргүүн бөх, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар Туркийн бөхөд ялагдан дагах барилдаанд Бразилийн Эрик Такабатакийг өвдөг сөхрүүлж, медалийн төлөө Кыргызстаны Отар Бестаевыг иппон буулган хүрэл медаль хүртсэн. Мөн эрэгтэйчүүдийн 73 кг-д Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Г.Одбаяр мөнгө, 81 кг-д Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт ОУХМ О.Ууганбаатар хүрэл медалийн эзэн болсон. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд өнгөрсөн оноос Казакстаны нэрийн өмнөөс барилдах болсон Г.Отгонцэцэг хүрэл медалийн тавцан дээр хөл тавьсанаар 2016 оны гурав дахь медалиа энгэртээ зүүлээ. Ингэснээр манай бөхчүүд чансааныхаа оноог 180 болон 120-оор ахиулсан юм. Сонирхуулахад Монгол улсын шигшээ багийн тамирчид Гүржийн гранпригаас хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл медалийг хүртээд байна.

Ирэх сарын эхээр шигшээ багийн жүдочдыг Самсуны гранпри хүлээж байгаа. Мөн дөрөвдүгээр сарын 15-17-нд Узбекстаны Ташкент хотод Ази тивийн АШТ болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх