Аяны цэнхэр майхан /өгүүллэг/

2018 оны 03-р сарын 29 өдөр, 12 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
purev-457x4803011016462014-1

Яруу найрагч, МУСТА Г.Пүрэвдорж Аяны цэнхэр майхан өгүүллэгийг уншигч танд хүргэж байна. 

Нов ногоон талд тууврын хонь тэнгэрт түгсэн одод шиг цайран харагдана. Дэлгэр нэлээд зүтгүүлсээр хэдэн өдрийн турш бараа нь харагдсан дүгнэгэр ногоон давааг өчигдөр оройтсхийн давж, үдшийн бүрийтэй уралдан энэ буудалд майхныхаа гадсыг хатгажээ. Малын дөртэй нь энэ гэж бодож явдаг хоёр дахь хүүгээ өөр шигээ хээрийн хоймор, тууврын бэлчээрт хийморио сэргээсэн эр хүн болгон гэсээр Аж нутгийнхаа цэнхэр бэлээс ёс төр болон үдүүлснээс хойш аль хэдийн тавин найм хоносон байлаа. Тууврын замд гарахын өмнө мал бэлтгэлийн комисст хандан бид хоёрт энэ удаад туух мал нормоор нь л өгөөрэй. Бага хүүхэд зориг шантарч юу магад гэсээр найман зуун хонь хүлээн авав. Тэгээд арав гаруй жил мал туухдаа олж авсан бага ч гэсэн хэрэг болох зүйлээ хүүдээ өвлүүлэн үлдээх санаатай зориуд өөр галтай саахалтсангүй гарчээ.
Нөгөө “архаг” Батхүү л мал туудаг байхдаа энэ буудлыг бусад галынхантай булаалдах шахам эзэгнэн, дүгнэгэр ногоон давааг давах гэж айл саахалтаа орхин харцагат хөөгдсөн болжмор шиг хэдэн хонио сарвайлган зүтгүүлдэгсэн. Тэгж хүн мал хоёр дурлаад байхаар буудал биш юм шив дээ, өгөр гэж бодон татаж байсан тамхиа газар шидсэнээ би чинь говьд биш хангайд яваа шүү дээ. Гал түймэр гэж нэг аюул бий гэж өөртэйгээ яриад дээрээс нь очиж гишгэн унтарсан ишийг нь бүр барьж үзээд сая нэг санаа амрав. Өглөө эрт бэлчсэн хонин сүрэг цадсан бололтой зарим нь хэвтэж, тохмын төдий нарнаар хэсэг хэсгээрээ хурж эхлэхэд чөдөрлөж тавьсан морин дээрээ очиж, хазаараа эмээлийнхээ бүүрэгнээс авч, морио амгайвчлан мордоод хонио майхны зүг зугуухан хөдөлгөв. Ойр орчимд хээрийн салхинд онгож цав цагаан болсон өнчин майхан нь цэнхэр тэнгэр ногоон хөвдийг холбон байлаа. Харин тэртээх гүвээний цаана тэнгисийн хээлэнд хосоор жаргах хун шиг хоёр цагаан гэр халууны зэрэглээнд босон суун өндөлзөнө. Мөнөөх гэрүүдийг майхантай холбосон бүдэг улбаагаар нэгэн морьтон айсуй. Дэлгэр яарсангүй. Хонио аажуухан туусаар хотлуулаад арван жил хойморт нь тухлан хээрийн цайны ааг амтанд орсон майхныхаа гадаа ирж дөрөө мултлав. Морьтон ч хоттой хонь хуйлруулан сайварлуулсаар хүрч ирэв. Тэр нанжин гахай гөлөмтэй, боржгон хийцийн эмээл тохсон сайвар хээр морь унаж, энэ л эмээлдээ тохируулсан болов уу гэмээр тосон бор өнгөтэй дайлан тохжээ. Дэлгэр түүний хэн болохыг нь таних санаатай гадаа зогссоор бараг л уяан дээр ирэхэд майхандаа оров. Хүү нь толгой дээгүүрээ цамц нөмөрчихсөн унтаж байлаа. Санаснаас майхан дотор цэвэр цэмцгэр , аяга шаазангаа угаагаад тавьчихсан байлаа.
– Бос! Лхагвасүрэн минь, хүн ирлээ. Үдийн халуунд ингэж унтахаар бие хаа чинь яаж өөдтэй байх юм бэ? Адгийн наад зах нь хатиг салахгүй. Ганц шөнийн нойр даахгүй лойсон эр бол доо гээд хүүгээ татаж сэрээлээ. Хүү нь:
– Таны цайг чаначихаад түр хэвттэл зүүрмэглэчихжээ.
– Ингэж байж яаж өөдтэй тууварчин болж чадах юм бэ? Энэ зуур гадаа морьд үүрсэн ган дөрөө санаа алдах шиг янхийв. Удсан ч үгүй дөч эргэм насны ялигүй том хамартай тарган цатгалан бор хүн,
– За сайн явцгааж байна уу? гэсээр орж ирэхэд Дэлгэр хариу мэндлээд,
– Чи чинь нөгөө Батхүүгийн найз Гэрэл шив дээ. Би буруу таньж байна уу? гэсэнд:
– Яг мөн. Би таныг Дэлгэр гуай гэж танилаа.
– Жилийн жилд онгосон майхнаа чирээд л явдаг болохоор хэл мэддэг бол хөрс шороо нь хүртэл нэрээр дуудах нь холгүй болсон хүн дээ би. Батхүү энэ жил мал туусангүй.
– Дуулсан. За тэгээд Дэлгэр гуайн мал сайн, тарга хүч ч гэж арга эв нь олдож өгвөл арьс хөрсөө яз татчих нь холгүй л байгаа биз дээ гээд мөнөөх эр хүр хүр инээв.
– Яахав хө муу амлаад. Энэ хэд маань хүү бид хоёрыг зовоосонгүй шүү. Харин урьд шөнө л үргэж хуйларч давхиад нойр муутай хонуулчихлаа. Одоо ч хот юу байхав дээ. Дүүгүүрийн чулуу хүрэх газар л үлдлээ дээ.
– Ёстой үнэн. Мал туусны хэрэг мөнгөтэй түрүүвчээр өврөө дүүргэж, харз шилж шимэх цаг ч хаяанд ирж дээ.
– Тэр нь ч юу юм бэ дээ.
– Алив хүү минь гар дайлан оруулаад ир. Ахынх нь гэдэг айл энэ гүвээний цаана байдаг юм. Танилцаж ав. Аавынхаа шийрийг хатаасан сайн тууварчин болох байлгүй яахав.нааш цааш явахдаа бууж мордож, аяга тагш айраг ууж байхгүй юу. Энэ улбааг ах чинь гаргасан юм. Харин тууварчид тодруулсан юм. Лхагвасүрэн дайлантайг оруулан Гэрэлийн хажууд тавихад бор дайлангаас айргийн үнэр сэнгэнэж байлаа. Гэрэл дайлангаас айраг гаргаж Дэлгэрт өгөөд хүүдээ өг, гадны хүнд бол ч амсуулахааргүй эд дээ. Гараа гаргаж исгэсэн юм. Хамгийн түрүүнд энэ давааг давж ирсэн гал л жилд ганц удаа уудаг юм. Энэ жил аав хүү хоёрын уух ёстой ээлж нь таарч дээ. Морь сайтай яваа улс юм даа гэснээ дараа нь бас нэг шилтэй архи нэмж тавилаа. Тэд айраг ууцгааж, архи задлан, хоол цай болон суутал намрын хонгор өдрийн оготор үд дорхноо өнгөрчээ. Хонь захаасаа бэлчиж эхлэхэд Гэрэл нилээд халамцуу майхнаас гарч хотон дотор очив.
– Ай даа сайхан ч таргалсан мал юм хөөрхий. Аль нь чиг л өөрийнхөө өөхийг өвстэй, өвсгүй идээд өвөлжчих юм байна даа. Үгүй би чинь яах гэж л хөл хөөрцөг болоод байгаа билээ. Тууварчдын майхан хаяа дэрлээд уначихаас өмнө өнөө шөнөдөө багтаж зорьсон хэргээ амжуулах ёстоы. Энэ хүү бол ч яахав дээ. Бүрий болов уу үгүй юу хурхираад өгнө. Дэлгэрийг халамцуухан ёстой л гал усанд орж чадахаар болсон үед нь одоо л ам алдуулж үгийг нь барьж авъя гэж бодож зогстол Дэлгэр майхнаас гарч ирэв.
– Энэ Гэрэл ажил амьдралдаа арчаатай, өгч авч чаддаг гүндүүгүй эр гэсэн. Отор нүүдэл гэж дэвэн дэлхий хэсдэггүй хэрнээ ганц ч малын хорогдолгүй онд ордог сэргэлэн эр дээ хэмээн Батхүүгийн магтаж байсан нь санаанд бууж, миний хэд гярхай хүний нүдэнд ямар харагдаж байгаа бол, юу гэх нь үү гэсээр хажууд нь ирээд манай мал ямар байна даа гэвэл
– Сэргэлэн сүрэг байна. За хө хоёулаа наймаа хийнэ дээ гэв.
– Чамд хэрэг болмоор юм байвал ав л даа
– Дүү хүү нь зунжингаа айраг цагаа эргүүлж бор ходоодоо баярлуулав. Таван ханатаа энэ гүдгэрийн цаана чулуугаар барьсан юм шиг буурь ч сэлгэж чадсангүй. Сум, орны удирдлагууд ирээд отор нүүдэл хийсэнгүй, хэдэн мал чинь тууврын замын шороо долоож тарга тэвээрэг авдаг юмуу гээд омогдохоор нь
– Би мэдэж байна. Хорогдол гарвал хар толгойгоороо даана, жилийн жилд болоод л байдаг юм гээд явуулчихсан. Гэтэл анхны цаснаар л мажийж мэдэх дөрөв таван гайхал байна. Тарга тэвээрэг ч авдаггүй, идсэн уусан нь хаагуураа ордог юм бүү мэд. Уг нь биерхүү, хот энэ хоёрын хооронд бол ч таныг зовоохгүй хүрчихнэ л дээ. Эвий нь олоод хонины бэлчээрт зөрүүлчихвэл… гээд мөрөн дээр нь аяархан алгадав.
– Гэрэл минь юу яриад байна даа байз.
– Дэлгэр гуай. Бие нь бага байх хамаагүй, шүд нь л залуу бол цасан дороос сэрвийх өвсний толгой хэмлээд онд орчихдог юм. Дүү хүүнь таныг нэг их гомдоохгүй шүү.
– Эд чинь миний юм биш манай хоршооны нийтийн өмч шүү дээ.
– Миний хэд ч бас адилхан. Их сангийн хөрөнгөнд энэ мэт юу ч биш. Жингийн хувьд бол та хожно. Мах нь байг гэхэд яс нь хайчих юм, тийм биз дээ.
– Үгүй эд чинь миний хар толгойгоор дааж авсан бэлтгэлийн сүрэг шүү дээ.
– Нийтийн өмч, нийтийн өмч гэх юм. Толгойн тоо, жин хоёр нь л байж байвал улаан, цагаан өөхтэй нь та бид хоёрт ямар хамаа байнаа.
– Тэгж ярихгүй ээ хө. Би түмэн олондоо гавъяа байгуулж чаддаггүй юмаа гэхэд гай тарихгүй юмсан гэж бодож явдаг хүн. Харин энэ онгосон цэнхэр майханд байгаа бүхэн минийх. Авах юм байвал аваад яв даа, Гэрэл минь гэж хэлээд хэвтэж хоцорсон хонио хотноосоо босгож , энэ Гэрэл борвитой айраг, шилтэй архиар зулгуйдаж, энэ ёозоороо бол хичнээн ч аавын хүүг мал туух эрхгүй болгоо бол. Батхүүг мал туулгахгүй гээд зүтгээд байсан захиргааны орлогчийг л би илүү зантай дураар аашилдаг лантуу юм гэж бодсон. Тэгтэл жинхэнэ эрхийг нь хассан эзэн нь Гэрэл байх нь. Чи муу ахыгаа тэгж амархан араандаа уусгаж чадахгүй шүү. Ах чинь тийм ч амархан хоршооны хөрөнгөөр хүний гар угаалгадаг толгой биш гэж бодсоор майхныхаа гадаа ирвэл Гэрэл хар цагаан дуугүй мордож байв. Тэр Дэлгэрийн гадаа ирсэн шигээ сайварлуулсангүй, хээр мориныхоо гүүн алхаагаар сажлуулан явлаа.
– Энэ Дэлгэр гэдэг чинь тийм ч амар эр биш байна. урд өмнө арга эвий нь олж, хольж солиод болоод л байдагсан. Дэлгэрт гомдоод яахав. Ингээд болдоггүй юм бол өөр арга хайж үзье л дээ. Туугаад явахад таргалж болдог мал тухлуулаад бэлчээрийг нь солтод байхад яагаад таргалж болохгүй байхав. Отор нүүдэл гэдэг чинь хэсүүлээд л туугаад л явахын нэр биз дээ. За байз би чинь нэг шил архи, борви айргаа худлаа зугуудлаа. Ингэж царай алдаж байх ямар хэрэгтэй юм бэ? Тууврын зам сахиж амьтан хүний аашинд багтаж, гуйж амьдрахгүй шүү. Дөч гарсан эр, дөрөв дарсан ат гэдэгсэн дээгэж урт бодол хөврүүлсээр улбаа даган гэр лүгээ гэлдрүүлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх