Хүүхэд ой таван сар өнгөрөөд ирэх үед тоо сурах чадвартай болсон байдаг. Тиймээс өдөр тутмын амьдралын томоохон хэсэг болох тоглоомын цагуудад амар хөнгөн аргаар тоо заах дасгалыг оруулж эхлэх хэрэгтэй. Хараахан бичиж чадахгүй ч тоог нүдэлж, тоолж сурах нь ирээдүйн математик сэтгэлгээ хөгжих эхлэл яалт ч үгүй мөн билээ. Ингээд дараах 7 аргыг туршаарай.
1. Гадуур явахдаа тоотой бүхнийг анзаарч хүүхэддээ хэлж өгөх. Жишээ нь : байрны дугаар, өрөөнүүдийн дугаар, дугаарласан шон гэх мэт тоотой юу ч байсан болно. Эсвэл мод, машин, нохой, хүүхэд гэх мэт нүдэнд нь харагдаж буй зүйлсийг чангаар тоолж үзүүлэх
2. Өөрөөс нь арай том ах эгч болон бусад хүүхдүүдтэй тоглуулах арга хэмжээг зохион байгуулах. Хүүхэд хүүхдээсээ аливааг сурахдаа хурдан байдаг. Хүүхдүүд хамт тоглохдоо бие биенийгээ тоолох, шохойгоор тоо зурах гэх мэт тоотой холбоотой тоглоом санал болгон зааж өгөх
3. Тоглоомоо хураа, өрөөгөө цэвэрлэ гэж зандрахын оронд хэдэн машин байна, хэдэн дөрвөлжин байна гэх мэтээр тоглоомоо тоолонгоо буцаан өрж, хураадаг заншлыг тогтоох
4. Янз бүрийн тоо орсон дуу шүлэг уншиж өгөх, томроод ирэхээр нь цээжлүүлэх.
5. Зууш идэхэд нь хэдэн зүсэм алим, лууван байна гэх мэтчилэн хөгжилтэйгээр идүүлэх. Гурван гүзээлгэнээс нэгийг ээж нь идвэл чамд хэд үлдэж байна зэргээр эртнээс тоотой дасгах.
6. Гэрийн болон гар утасны дугаараа цээжлүүлж эхлэх хэзээ ч эртдэхгүй. Тоглоомон утсаар залгаж байгаа дүр эсгэх, дуу зохиож дуулах зэргээр утасныхаа дугаарыг эртнээс цээжлүүлэх дадлага хийх.
7. Жижигхэн гар тоо бичихэд арай бэлэн болоогүй ч хоргүй усан будаг, өнгийн харандаа цаасаар тоглуулах буюу зурах дасгал хийлгэх. Өөрөө тоо зурж өгөөд дууриан зурахыг санал болгох. Харин хэн нэг том хүний хараа хяналтгүй бага насны хүүхдэд харандаа, будаг үлдээж болохгүйг мартуузай.
baga bna gj bodoj bolohgvi barag l surna .
Oi tavan sartai bhad ni deerh mayagaar too tseejluulne gesen ug uu. barah uu? etseg ehchuudee zovloorei bi baga bn gej bodood baigaa ni buruu uy?