Дөнгөж сургуульд орох эхний нэг хоёр жилд хичээлийг нь давтуулахаас гадна зургаан настнуудыг хүргэж өгөх, тосож авах гээд хүүхдээ зарцуулах цаг олон гардаг энэ цагаа та үр дүнтэй өнгөрүүлэхэд доорх зөвлөгөө танд хэрэгтэй.
Анхнаас нь дэг журамд сурга
Хэрэв та ингэж сургавал олон бэрхшээл, хүндрэлийг давчихлаа гэсэн үг. Хүүхэд хичээл хийхээс өмнө цүнх, дэвтэр нь ямар байдалтай байгааг анзаар. Сургуулиасаа ирээд хувцсаа эвхдэг, гараа угаадаг гэхчлэн энгийн дүрэм журмыг биечлэн зааж сурга. Эхэн үед бухимдмаар ч юм шиг хэцүү байж болно. Энэ нь сурлагад нь нөлөөлөх чухал арга юм. Ном дэвтэр нь эмх цэгцтэй, бүх юм нь байрандаа байдаг бол хүүхэд хичээлдээ анхаарлаа төвлөрүүлэх болно.
Хүүхэдтэйгээ харьцаж бай
Зарим эцэг эхчүүд энэ тал дээр их хойрго ханддаг. Их сайндаа л “хоол чинь тэнд байгаа, хувцас, ном дэвтрээ тэнд тавь” гэдэг ч юм уу ганц нэг өгүүлбэр л харьцааг хязгаарладаг. Харин та хүүхдийнхээ хичээл сургууль дээр болсон процессыг үнэн сэтгэлээс сонирх, хүүхдийг өөрөөр нь яриул. Хүүхдийн хэл ярианы хөгжил баялаг болоход тустай. Бяцхан сурагчийг хүргэж өгөх, тосч авахдаа ч, түүнээс юм асууж, ярьж бай.
Гэрийн даалгавар хийхэд нь тусал
Гэрийн даалгаврыг нь хамтран хийхдээ гол баатар нь хүүхэд өөрөө байх ёстойг бүү март. Түүнийг хэрхэн хийх санааг эхлээд сонс. Энэ нь хожим хүүхэд өөрөө шийдвэр гаргаж чадах боломжид сургана. Хүүхдийн даалгавар хийх арга барил, санаа оноо нь буруу байсан ч түүнийг зэмлэх хэрэггүй. Чухам юун дээр буруутсаныг нь тайлбарлаж өг.
Хүүхэд өөрөө санаачилгийг гартаа авч байна гэдэг нь чухал алхам. Хэрэв та хүүхдийнхээ найз мэт байж сурвал тэр танаас юугаа ч нуухгүй. Томчууд хүүхдүүдийн үл ойлголцол, элдэв бэрхшээл нь эцэг эхчүүдээс болдог юм шүү. Хүүхэдтэй харьцдаг, ойр дотно байж чаддаг эцэг эхчүүд ямар ч тохиолдолд түүний эвийг олдог гэдгийг санууштай.