Н.Болормаа: Үйлчлүүлэгчийнхээ хүсээд байгаа үр дүнд нь хүртэл ажиллах юмсан гэж зорьдог

2025 оны 04-р сарын 28 өдөр, 12 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Bolormaa

Ажилдаа дуртай,  сэтгэлтэй, итгэлтэй, гэрэлт ирээдүйгээ мэргэжлийнхээ сайхнаар тодотгож яваа Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч Н.Болормаатай ярилцлаа. Цаг ямагт суралцаж ирсэн  тэрбээр өмгөөллийн ажлаа туйлын чамбай, цэгцтэй явуулж, үйлчлүүлэгчдийнхээ талархлыг олонтаа хүлээсээр ирсэн нэгэн. Энэ ч утгаар энгийн элдэв баг маскгүй, хэнтэй ч амархан хэл үгээ ойлголцох чадах хэмжээнд өөрийгөө төлөвшүүлж  чадсан түүнтэй ярилцаж суухад ямар их гэгээлэг, эвсэг, хүнлэг бүсгүй вэ гэдгийг төвөггүйхэн олж харсан билээ. Энэхүү эрч хүч, хичээнгүй зангаараа гадны хуульч, өмгөөлөгчидтэй хамтарсан өмгөөллүүд нь  амжилт дагуулсаар байгаа билээ.    

-Мэргэжил, мэдлэг хүнийг чимдэг. Иймд та хуулийн салбартай хувь заяагаа хэдийнээс холбох болов?

-Цаг хугацаа гэдэг амархан юм даа. Нэг л мэдэхэд 20 жилийг ардаа үдсэн  байна шүү дээ. Миний бие анх Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг хятад хэлний багш мэргэжлээр дүүргээд, дараа нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2004 оноос эхлэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч болсон тэр цагаас тасралтгүй  өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж  байгаа.

-Таныг гадны өмгөөлөгчидтэй хамтарч  өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулдаг гэж сонссон. Ихэвчлэн ямар чиглэлээр өмгөөлөл хийж байна вэ?

-Эрүү, иргэний хэрэг дээр ихэвчлэн ажилладаг. Энэ хугацаанд олон хэрэг маргаан дээр ажилласан. Түүнээс онцолбол, Хойд солонгосын уламжлалын нэгэн эмч зүү тавих эмчилгээ хийсний улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үндэслэлээр шалгагдсан байдаг. Энэхүү хэрэгт хэд хэдэн удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулж, гэм буруу дээр нэлээн маргаж ажилласан. Анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн ч Улсын дээд шүүх цагаатгаж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотой 2019 оны 12 дугаар 25-ий өдрийн 01 дугаартай Улсын дээд шүүхийн тайлбар гарсан байдаг.  Мөн тухайн үед нэлээн дуулиан шуугиан дагуулж байсан О.Цэнгэл гэж харьяалалгүй өвөрмонгол иргэний холбогдсон эрүүгийн хэрэг дээр ажиллаж анхан шатны шүүхээс цагаатгуулж байсан.  Түүнчлэн хамгийн олон оролцогчтой  хамгийн олон өдөр үргэлжилсэн гэх тодотголтой “Хөгжлийн банкны” хэрэг, сүлжээний гэгдэх  Хөвсгөлийн “Бэлтэс”мөрөн” ХХК, “Жи тайм” зэрэг сүлжээтэй холбоотой олон хохирогчтой залилангийн хэргүүд дээр хохирогч нарын эрх ашгийг хамгаалж ажилласан.

Одоо БНХАУ-ын Бээжин хотын нэгэн хуулийн фирмийн  Ли Фэнг Циан гэдэг өмгөөлөгчтэй нэг хэрэг дээр хамтран ажиллаж байна. Миний хувьд хятад хүмүүсийн хэрэг маргаан дээр ажиллалаа гэхэд заавал дэргэдээ орчуулагч дагуулж явах шаардлагагүй ойлголцоод явдаг нь  давуу тал болж өгдөг болов уу. Хуулиндаа өмгөөлөгч, орчуулагч хоёр хэргийн хоёр өөр оролцогч учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд  мэргэжлийн орчуулагч оролцуулдаг.

-Өмгөөлөгч болгон өөрийн гэсэн арга барил, онцлогтой байдаг даа?

 -Миний хувьд үйлчлүүлэгчээ маш сайн сонсдог. Ингэж аливаа үйл явдал, процесыг өөрөөр нь маш сайн яриулснаар ямар зарчмаар ажиллах вэ гэсэн гарц гаргалгаа гардаг юм. Эхний нэг, хоёр удаагийн уулзалтаар хэр үнэн бодитой ярьж байна вэ гэдгийг мэдэж аваад түүнийгээ бусад баримттай харьцуулж үзээд дүгнэлтээ гаргадаг. Зөвхөн үйлчлүүлэгчийнхээ  үгэнд итгээд  байвал өрөөсгөл. Хүн болгон л өөрийгөө хамгаалж ярьдаг  бөгөөд хэрэгтэйгээ танилцаад нотлох баримтуудаа судлаад үзэхээр бодит байдал өөр байх тохиолдол олон байдаг.

-Зарим нэг хуулийн тал дээр танд бодогдож явдаг зүйл байдаг уу?

Эрүүгийн хуулинд ял шийтгэл гэхээс  илүүтэй засрал хүмүүжил,   хэргийн бодит  нөхцөл  байдлаас хамаарч  шийдвэрлэгдэх хэдий  боловч   хэргийн  хөнгөн, хүнд  хэргүүдээс  хохирогч, яллагдагч  сэжигтэн   нарыг   өөр хооронд    нь   эвлэрлүүлж  тэднийг хүн  ёсоор   бие бие хүндэтгэх   зан харьцаанд   оруулах  нь өмгөөлөгчдийн зүгээс нийгмийн   харилцааг  эв нэгдэлтэй    байлгахад   чухал үүргийг   гүйцэтггэдэг гэж үздэг.  Олон  жилийн  практикаас  харахад   бие биедээ буулт  хийх,  уучлалт   гуйх  зэргээр  эв зүйгээр   шийдвэрлэгдэж  байгаа   хэргүүд нь    аль аль талдаа   зөв шийдвэр байдаг  юм.     Эрүүгийн  хуулинд    талууд  эвлэрэн хэлэлцсэн тохиолдолд хөнгөн хэргүүд хэрэгсэхгүй болдог байсан хуучин   заалтуудыг сэргээн  оруулж өгөөсэй гэж бодож  явдаг   юм.

-Нэгэнт өмгөөлөгчтэй уулзсаных өмгөөлөгчийн ёс зүйн талаар асуухгүй өнгөрч боломгүй?

– Үйлчлүүлэгчээсээ  олж авсан мэдээ мэдээлэл, нууцтай холбоотой асуудлыг хугацаагүй жилээр хадгалахаас гадна  үйлчлүүлэгчдээ хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлүүлэх талаар урьдчилан амлалт өгөхийг хориглосон байдаг. Гэтэл сүүлийн үед хүмүүс “Би ……… өмгөөлөгчтэй уулзлаа, хэргийг маань шийдүүлж чадна, хэрэгсэхгүй болгож чадна,  ялгүй гаргаж өгч чадна гэж байна.Та  миний холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож чадах уу. Чадна гэвэл таныг өмгөөлөгчөөр ажиллуулья” гэх зүйл ярьж ирэх нь ихэссэн. Би “Танд амлаж чадахгүй ээ.Энэ нь хуулиар хориотой. Эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг юм” гэдгийг тайлбарлаад л явуулдаг. Зарим нь эргээд ирдэг л юм. Анх  өмгөөлөгч болж байхдаа ахмад өмгөөлөгчдийнхөө үгийг сонсоод зөвлөгөө аваад туршлагажаад явдаг байлаа. Мөн ёс зүйн талаар ч бидэнд маш ихийг зааж сургасан даа. Гэвч өнөөдөр өмгөөллийн үйл ажиллагааг  бизнесийн салбар гэж харах болсонд жаахан харамсдаг. Миний хувьд зарим үнэхээр төлбөрийн чадваргүй хүмүүсийн хэрэг дээр үнэ төлбөргүй ажиллаад хууль зүйн туслалцаа үзүүлдэг.

-Таны ажилдаа баримталдаг зарчим?

-Үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө тууштай ажиллана гэсэн зарчимдаа үнэнч явна.

– Цаашдын зорилгоосоо хуваалцвал?

 Хятад өмгөөлөгчтэй ажиллаж байгаа хэргийн хүрээнд харж байхад Хятад улсад ял эдэлж байгаа монгол хүн ч олон  байдаг юм байна. Монгол Улсын иргэд БНХАУ руу  хувийн болон бизнесийн чиглэлээр байнга зорчдог, олон аж ахуйн нэгж БНХАУ-ын хуулийн этгээдтэй хамтран ажиллаж байгаа зэрэг хоёр улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд монгол, хятад хуульчид их хэрэгцээтэй болж байгаа юм.Тийм учраас миний бие энэ харилцаагаа өргөжүүлээд өөрийн хамтран ажилладаг өмгөөлөгч нараа оролцуулаад харилцаагаа улам бэхжүүлж ажиллах  юмсан гэсэн зорилготой л ажиллаж байна даа.

Мөн хятадын хуулийг судлах зорилго давхар тавьсан байгаа. Манай  улс   БНХАУ-тай  эрх зүйн  туслалцаа үзүүлэх   гэрээтэй   бөгөөд  тус гэрээг  1989 оны 8 сарын 31-ний  өдөр  байгуулсан   юм. Тус эрх зүйн  туслалцаа  үзүүлэх   гэрээг    судлахад  иргэний эрх,  гэр  бүлийн  эрхзүй,   эрүүгийн   эрх зүйн    чиглэл гэх мэтээр   төрөлжсөн    байдаг   юм  билээ .

-Юунаас сайхан мэдрэмж, баяр баяслыг авдаг вэ?

– Хэрэг маргаанаа санасандаа хүртэл шийдүүлэх юмсан гэдэг зорилгодоо хүрсний дараа ажил хийсний ач гавьяа минь гарлаа гэж  баярладаг. Ер нь хүний амьдралд баярлах, бахдах  зүйл  олон  байдаг  шүү дээ.

-Хобби, сонирхол гэвэл ?

-Сүүлийн үед аялах дуртай болоод байгаа. Ажлаасаа хэсэг хөндийрөөд нүд хужирласан зүйлүүдийг  харан баясах үнэхээр сэтгэл сэргэм. Угтаа аялал  олон стрессийг тайлдаг гайхамшигтай зүйл юм.

– Хэлэх дуртай үг тань?

-“Ажил хийвэл дуустал”… гэдэг үүднээс аль болох үйлчлүүлэгчийнхээ хүсээд байгаа үр дүнд нь хүртэл ажиллах юмсан гэж зорьдог доо.

Д.Нэргүй

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх