“Энэ хорвоогийн хамгийн үнэт зүйл эрүүл мэнд” хэмээн ажил мэргэжлээрээ бахархах дуртай ”Энхсонор” эмнэлгийн Чих хамар хоолойн эмч, АУ-ны магистр Н.Энхтуяатай ярилцлаа.
Түүн дээр л ирвэл эдгэрлийг олно хэмээн өвчиндөө шаналсан олон хүнд авралын гараа сунгаж, ачлал энэрлээ өгч яваа ачтан юм. Тодруулбал, өвчнийг нь эмчлээд зогсохгүй, сэтгэл санааг нь үгээр засаж, урмаар тэтгэж, зүрх сэтгэлийг эмээр биш энэрлээр эмчилж,эмчилгээ үйлчилгээгээ мэргэжлийн өндөр түвшинд явуулдаг аж. Хэдийгээр тэрбээр өөрийгөө сурталчлаад явдаггүй ч Энхтуяа эмчид үзүүлээд, эмчлүүлээд маш сайн үр дүн гарсан, эдгэрсэн гэж хүнээс сонсоод таныг хайсаар олж ирлээ гэх хот хөдөөгөөс зоригсдын цуваа тасардаггүй юм билээ. Энэ ч утгаар саяхан болсон “Дэлхийн эмч нар”-ын өдрөөр баяр хүргэх үйлчлүүлэгдийнхээ хөлд дарагдаж байхтай нь зэрэгцэн уулзсан минь энэ буюу.
-Өнөөдөр техник технологийн эрин зуун, нийгмийн асар хурдацтай хөгжлийг дагаад гар утас, компьютерын хэрэглээ их болсон. Үүнээс улбаатай хүний эрүүл мэнднд сөрөг талуудыг дагуулж байгаа нь нууц биш. Дээр нь чихэвч зүүх, компьютерийн ард удаан суух гээд ……л?
-Даяарчлал, техник технологийн эрин үед ялангуяа оюутан залуучууд автобусанд, гудамжинд явахдаа чихэвчний хөгжмийн хэрэглээ ихэссэн. Үүнээс улбаатай ой тогтоолт сонсгол муудах, анхаарал сарних зэрэг маш их хор уршигтай. Улмаар мэдрэлийн ядаргаанд орсноос чихний сонсгол буурч байна. Энэ байдал цаашдаа удаан үргэлжилбэл ажил мэргэжлийн талбар дээр чадвар муутай боловсон хүчин гарахыг үгүйсгэхгүй. Тийм учраас эцэг эхчүүд цаг алдалгүй хүүхдэдээ анхаарал тавих хэрэгтэй. Хүний сонсгол хүлээж авах түвшин гэж байдаг. 60 дцб-ээс дээш дуутай дуу авиа удаан сонсвол чихний сонсголд өөрчлөлт ордог. Тийм учраас зохих түвшинд нь тааруулан сонсч, гар утасны хэрэглээгээ багасгах ёстой. Хараанд хүртэл сөргөөр нөлөөлж чихэнд шуугиан үүсдэг. Тиймийн тулд унтах цагтаа амарч, утсыг цагийн хязгаартай хэрэглэж занших нь чухал байна.
-Нүдэнд ил, хүний хамгийн гол эрхтэнүүд болох чих хамар хоолойн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ, ялангуяа хуйсагнуур, тогтворгүй цаг агаартай хаврын улиралд хүмүүс их гам дэглэм алддаг шүү дээ?
-Чихэнд нөлөөлөх эрхтэн бол хамар юм. Хамрын амьсгал чөлөөтэй байж чих рүү агаар сайн орж, өөрөөр хэлбэл чих хамрыг холбосон гуурс сайн ажиллаж байгаа нөхцөлд сонсгол хэвийн байдаг. Тийм учраас хамрын амьсгалд маш их анхаарал тавих ёстой. Иймээс эцэг эхчүүд амралтын өдрүүдээр хүүхэдтэйгээ агаар салхинд сайн гарч, ханиад хүрсэн үед хамрын дусаалгыг хэрэглүүлнэ. Хамрын ханиадтай удаан явах буюу тууштай эмчлээгүйн улмаас гайморит үүсдэг. Нүүр хөндүүрлэж, толгой, чих өвдөх, хамар битүүрч гунших,тонгойход нүдний дор, дээр хэсэгт чинэрч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Ердөө л хамар хоолойн өвчний үндэс суурь хамрын гайморит юм. Иймд үүнээс сэргийлэх буюу хаврын ядаргаагаа тайлахын тулд сайн унтаж амарч, ядаргаагаа бүрэн гүйцэд тайлж, чанартай хоол хүнс хэрэглэж, тогтмол агаар салхинд гарахгүйн улмаас өвчин ужгирч даамжирсаар байна.
Хэрэв гайморит үүссэн бол рентгенд зураг авахуулаад хамрын дусаалга болон физик эмчилгээ, антибиотик зэрэг тохирсон эмчилгээ хийлгэвэл эдгэрдэг. Улмаар дуу хоолой өөрчлөгдөж залгиур хоолой руу идээ орсны улмаас үрэвсэх талтай. Мөн хаврын улиралд нэг хүйтрээд, нэг дулаардаг учраас хоолойны ангина сэдрэх нь нэлээд ажиглагдаж байна.
Дээр нь хавар харшлын улирал эхэлсэн, үүн дээр хөрсний бохирдол, шороо тоосноос үүдэлтэй ургамлын харшилтай хүмүүсийн хамар битүүрэлт нэмэгдэж байгаа. Энэ үед маскаа сайн зүүж занших ёстой. Улмаар дархлаа суларч, уруул дээр хомхой долоох, чихний хэнгэрэгт герпес гарч байна. Иймд витамин эмчилгээ, аарц чяцаргана ууж дархлаагаа сайжруулах нь зүйтэй.
-Манайхан хоолойны мах том жижиг гэж их ярьдаг. Энэ өвчнийг ямар үед шаардлагатай байдаг вэ?
-Хүмүүс хоолойны махны том, жижигт нь ач холбогдол өгөөд байдаг. Үнэн хэрэгтээ гүйлсэн булчирхай 16 нас хүртэл жижгэрэх ёстой. Гэтэл жижгэрэхгүй, амьсгалд саад болоод, хурхираад байгаа үед авах заалт байдаг. Гэхдээ жилд хэдэн удаагийн давталттай, жишээ нь жилдээ таваас дээш удаа идээлж өвддөг, эсвэл гурван жилд гурав, гурван удаа дараалан идээлж өвдсөн үед хоолойны махыг авдаг. Дээр нь үе мөчний шинжилгээ өгнө. Энэ шинжилгээгээр дөрвөн үзүүлэлт өндөр гарвал зайлшгүй авах заалтанд орно гэсэн үг. Хэрэв хувь хүн өөрөө авахуулахыг хүсэхгүй бол архаг үрэвслийг намдаах зорилгоор тохирсон эмчилгээнүүд байдаг. Мөн бага насны хүүхдүүд шөнө дунд амьсгал нэг хэсэг тасалдаад, буцаж амьсгал аваад байгаа тохиолдолд нармайн булчирхайн зураг авахуулаад гурваас дээш зэрэг гарвал мэс заслын аргаар авахуулах нь төгс эмчилгээ юм.
-Чих шуугих нь юутай холбоотой вэ?
-Энэ нь нэгдүгээрт, ядаргаа, чихний сонсголын мэдрэл ядарсан болон хүчтэй дуу авиа сонссонтой холбоотой. Мөн чихний дотоод бүтэц, хэнгэрэг цоорсон, механик гэмтлийн улмаас чихний дотоод бүтэц алдагдсантай холбоотой байж болно. Чих шуугихыг намдаах төгс эмчилгээ гэж байхгүй. Харин багасгах, тухайн түвшинд нь барих гэсэн эмчилгээнүүд байдаг. Тийм учраас эдгээр хүмүүс маш сайн амарч, авах ёстой нойроо бүтэн авч байх ёстой. Хоёругаарт: компьютерийн хэрэглээг багасгах, жолоо барих, оюуны хөдөлмөрийн ачааллаа багасгах аргуудар чихний шуугианыг багасгахаас гадна В-гийн төрлийн витаминууд маш сайн. Үүнтэй тархины цусан хангамж сайжруулах эмчилгээг хавсарч хийлгэвэл үр дүнгээ өгдөг. Ялангуяа хаврын улирал ядардаг учраас хэрэгцээтэй амин дэмээ маш сайн хэрэглэх ёстой. Илүү уураглаг, витаминлаг, хүнсний ногоонуудыг хэрэглэж байж хаврын ядаргааг даван туулна.
-Ярианы сэдвээ өөрчлөөд асуухад амьдралдаа тохиолдсон баяр жаргалтай, мартагдашгүй мөчүүдээсээ хуваалцахгүй юу?
-Амьдрал баян учраас баярлаж догдолж, сэтгэл хөдөлгөсөн үе олоон, олон. Түүнээс онцолбол: “Би олон эмчид үзүүлсэн хэрнээ оношийг маань олохгүй байтал та л миний өвчний шалтгааныг олж, би бүрэн эдгэрлээ гэсэн хүн ирж байсан. Бас таниар олон жилийн өмнө эмчлүүлж байсан юм, таныг хайсаар байж олж ирлээ гээд ороод ирэхэд огших жишээний. Мөн олон жил чих нь сонсголгүй явсан, маш их эмчилгээ хийлгээд сонсгол сэргэхгүй байсан өвчтөний хамар чихийг холбосон сонсголын гуурсыг онгойлгох дасгал хийлгэснээр тухайн хүн гэнэт сонссондоо маш ихээр баярлаж талархаж байсан удаатай. Танд үзүүлсэн учраас удахгүй сайхан эдгэрнэ гээд залбирах шахам болоод гарах нь үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлж, маш ихээр хөглөдөг. “Танд л үзүүлмээр байна” гээд зорьж ирэх хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа эмчийн сайхан мэргэжлээрээ үргэлж бахархдаг даа.
-Ингэхэд таны эмчилгээний арга ямар барил юу вэ. Учир нь таныг гэсэн хүмүүстэй олон таарч явлаа. Энэ бүхэн танд илүү их урам зориг, эрч хүч өгдөг байх аа?
-Намайг гээд ирж байгаа хүмүүсийг илүү ихээр хайрлаж халамжилж, үзлэг үйлчилгээгээ явуулдаг. Өвчтөний итгэл үнэмшил, өвчний эдгэрэлтэнд их нөлөөлдөг. Нэмж хэлэхэд эмч хүн ар гэр, үр хүүхдээ умартан, ихэнх цагаа өвчтөндөө зориулж эмчилгээнээс гадна сэтгэл зүйгээрээ эмчилдэг гайхалтай мэдрэмжтэй хүмүүс. Өөрөөр хэлбэл, ар гэр, үр хүүхэдтэйгээ байх цаг хомс,хайртай бүхнээ мартаж зүтгэсэн өдрүүд эмч хүний амьдралд олон байдаг.
Д.Гэгээ
Үзүүлмээр байна.сэтгэлээ.дагаад.хаяг