Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийнэ

2025 оны 03-р сарын 06 өдөр, 16 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
viber_image_2025-03-06_12-51-17-196

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павелын урилгаар 2025 оны 03 дугаар сарын 09-12-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү төрийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм.

Төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын Төрийн тэргүүн нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэлд мэдээлэл өгнө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга, Төлөөлөгчдийн танхимын дарга болон Ерөнхий сайд нар тус тус бараалхана.

Мөн хоёр орны уламжлалт, найрсаг харилцааны түвшнийг ахиулж, боловсрол, байгаль орчин, хөдөө аж ахуй, спорт, хууль эрх зүй зэрэг чиглэлээр Засгийн газар хоорондын хэлэлцээр болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд талууд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн тэмдэглэлт ойг тохиолдуулан Прага хотноо Морин хуур найрал хөгжмийн тоглолт, бизнес форумыг тус тус зохион байгуулна.

Мөн хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд дэлгэгдэх “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх