Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр, хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Увс аймгийн Ховд сумын харъяат, Улсын Дархан аварга Н.Батсуурь, Увс аймгийн Давст сумын харъяат, Улсын аварга П.Бүрэнтөгс, Ховд аймгийн Буянт сумын харъяат, Улсын аварга О.Хангай, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харъяат, Улсын арслан Б.Орхонбаяр, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, Улсын арслан Ц.Бямба-Отгон, Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй хүчит 128 бөх барилдсанаас Баянхонгор аймгийн Жинст сумын харъяат, Улсын начин Э.Батмагнай түрүүлж, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харъяат, Улсын заан Б.Серик үзүүрлэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цомыг Улсын начин Э.Батмагнайд гардуулж, баяр хүргэв. Мөн үзүүрлэсэн болон их шөвгийн бөхчүүдэд дурсгалын зүйл гардууллаа.