Нярайн бүтэлттэй төрөлтөөс үүдсэн эндэгдэл, хүндрэлийг бууруулах нярайн тархи хөргөх эмчилгээг эхлүүллээ

2024 оны 12-р сарын 23 өдөр, 13 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
011

Манай улсад нярайн эндэгдэл 1000 амьд төрөлт тутамд 7,7 байдаг бол олон улсын дундажтай харьцуулахад 5 дахин өндөр байгаа юм.

Тэгвэл Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар Монгол Улсад нярайн эрт илрүүлгийг сайжруулах, оношилгоо эмчилгээг өргөжүүлэх бодлогын хүрээнд “Үндэсний баг” байгуулж эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, үр дүнтэй байлгах ажлууд шат дараалалтай хийгдэж эхэлсэн.

Өнөөдөр үүний нэг болох “Нярайн тархи хөргөх” эмчилгээг Өргөө амаржих газарт хийж эхэллээ.

Эмчилгээ үндсэндээ 72 цагийн турш хийгддэг бөгөөд бүтэлттэй төрсөн нярайн тархийг хөлдөөх замаар цаашид үүсэх хүндрэлийг зогсоох үйлчилгээ үзүүлэх эмчилгээ юм.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан дурдахдаа: “Өнөөдөр бид Монгол улсад нярайн эндэгдлийг 5,5 болгон бууруулах зорилгод хүрэх алхмаа хийлээ. Бүтэлттэй төрөлтөөс үүдсэн олон шалтгааныг бууруулах чиглэлд бид нярайн эрт илрүүлгийн тогтолцоог сайжруулах бодлогыг хэрэгжүүлж байна. Ингэснээр бид төрөнгүүтээ эндэх, бүтэлтээс үүдэн уналт таталттай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд төрөхөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Өнөөдрийн энэхүү “Тархи хөргөх” эмчилгээний аппаратыг 5 ширхэгийг Монголд оруулж ирэн эмчилгээг эхлүүлснээр бүтэлттэй төрсөн нярайд хойшид гарах хүндрэлийг бууруулах боломж бүрдэж байна” хэмээн ярилаа.

Нярайн тархи өргөх эмчилгээний Үндэсний багийн ахлагч Б.Өлзийхишиг: “Манай улсад тархины хүчилтөрөгч цусан хангамжийн шалтгаант эмгэг сүүлийн 10 жил нярайн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Хүүхдийг эхийн хэвлийд байх үед болон нярай бага насанд зохистой тусламж үзүүлснээр хөгжлийн бэрхшээл үүсэхээс 70% сэргийлж чадна. Гэвч хөгжлийн хоцрогдолтой 9 сартай хүүхдийн 9%, 24 сартай хүүхдийн 12% нь л шаардлагатай үйлчилгээ авсан байна. Нярайн тусламж үйлчилгээг олон улсын түвшинд хүргэнэ гэдэг эх орондоо хийж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм. Нярайн салбарт хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технелоги ашиглан өвчлөл, эндэгдлийг бууруулж, хөгжлийн бэрхшээлтэй болохоос сэргийлэх боломж байна. Бидний хөрш орнууд, дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нярайн салбарт хамгийн их хөрөнгө оруулдаг. Учир нь эх орны ирээдүй эндээс эхтэй. Чанартай тусламжийг цаг алдалгүй хүргэснээр хүүхдийн дархлаа зөв тогтож, эд эсийг хамгаалан, эрүүл саруул өсч торних үндэс болдог” хэмээн онцолж ярилаа.

471226771_924311339791740_7988630550736915104_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх