Сөүл хотноо Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

2024 оны 12-р сарын 17 өдөр, 13 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ontslokh.mn

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг Сөүл хотноо 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд суугаа улсын төрийн байгууллага, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, хувийн хэвшил болон тус улсад ажиллаж, амьдарч, сурч буй монгол иргэдийн төлөөлөл уригдан оролцлоо.

Арга хэмжээг нээж, Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд үг хэлэхдээ Үндсэн хууль бол Монгол хэмээх улс үндэстэн оршин буйн илэрхийлэл болж, бие даасан, бүрэн эрхт, тусгаар тогтносон улсаа дэлхий дахинаар хүлээн зөвшөөрүүлэх түүхэн хувь заяаг тодорхойлсон баримт бичиг болохыг онцлов. Мөн тэрээр энэ оны 10 дугаар сарын 28-ны өдөр суугаа улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёль-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, хоёр улсын хамтын ажиллагааг бүхий л салбарт хөгжүүлэх, Солонгос улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэн бүрт хүрч ажиллахыг тэргүүн зорилт болгон ажиллах, ирэх онд Монгол, Солонгос улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Солонгосын талаас Гадаад хэргийн яамны Төв болон Зүүн хойд Азийн газрын захирал Кан Ён Шин үг хэлж, хоёр улсын худалдааны хэмжээ дипломат харилцаа тогтоож байсан үеэс даруй 200 дахин нэмэгдэж, БНСУ нь Монгол Улсын дөрөв дэх том худалдааны түнш улс болж, Монгол Улсыг зорих солонгос иргэдийн тоо тасралтгүй өсөн нэмэгдэж, жилд дунджаар 200,000 мянган иргэд харилцан зорчиж, хоёр улсын харилцааны хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгааг хэллээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Морин хуурын чуулгын болон “ANU Music” студийн хөгжимчид оролцож, монголын сонгодог болон ардын урлагийг таниулан сурталчлав.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх