УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа соёл болгон төлөвшүүлэх нь чухал

2024 оны 11-р сарын 19 өдөр, 12 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
aa

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Монгол Улсын Их Хурлын эрхэм гишүүд,

Эрхэм хүндэт Элчин сайд, эрдэмтэн судлаач, зочид төлөөлөгчид өө

Өнөөдөр бид Монгол Улсын ардчилсан засаглалын тулгуур багана болсон парламентын хяналтын тухай, энэ хяналтыг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх тухай хэлэлцэхээр чуулаад байна.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль бүсчилсэн, холимог тогтолцоогоор явагдаж, түүний үр  дүнд улс төрийн 5 нам, нийгмийн олон бүлгийн төлөөлөл бүхий 126 гишүүнтэй шинэ парламент бүрдээд байна. Бид хууль эрх зүйн орчныг шинэ цагийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн төгөлдөржүүлэх, ард иргэдийн төрдөө итгэх итгэл, хүлээлтийг бодит болгох, шинэ үеийн парламентыг төлөвшүүлэх томоохон зорилтуудыг тавин ажиллаж эхлээд байна.

Энэ хүрээнд Улсын Их Хурлаас батлагдан гарч буй хуулиуд хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй үзэл санаа бүхий байх, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргах, хуулийг иж бүрэн зохицуулалттай, тодорхой, ойлгомжтой болгож, хууль болон журмаар зохицуулах харилцааны заагийг зөв тодорхойлох зорилгоор “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна.

Улмаар Улсын Их Хурлын гишүүдээс санал авсны үндсэн дээр холбогдох хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,  үнэлэх, хэрэгжилтийг нь эрчимжүүлэх үүрэг бүхий 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллуулж байгаагаас 15 нь Монгол Улсын Их Хурлын хяналтын чиг үүрэгтэй холбоотой ажлын хэсэг юм.

Мөн саяхан батлагдсан Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд Улсын Их Хурал хууль тогтоомжийг боловсруулах, төлөвлөх, өргөн мэдүүлэх, хэлэлцэх, батлах, биелэлтэд хяналт тавих, тайлагнах бүх үе шатанд нэн тэргүүнд хүн төвтэй үзэл санаанд суурилсан, хүний эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалсан байх агуулга, шаардлагыг тавина хэмээн заасан. Үүнээс гадна хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих байнгын тогтолцоог бэхжүүлж, үр нөлөөг тогтмол судлан, түүнд үндэслэн хуулийг чанаржуулна хэмээн тусгасан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийг хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж, хангах Засгийн газрын үйл ажиллагаа, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах нь Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар “Улсын Их Хурлын үндсэн зорилт нь ард түмний төлөөллийн дээд байгууллагын хувьд ард түмний засаглах эрхийг хангахад орших ба хууль тогтоох, төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үндсэн чиг үүрэгтэй” гэж заасан байдаг. Улмаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан.

Тус хуулиар Монгол Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх арга хэрэгсэл, хууль зүйн үр дагаврыг тодорхойлох, мөн хянан шалгах түр хороо байгуулах эрх зүйн зохицуулалттай болсон. Үүнээс гадна төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл зэрэг бие даасан, хараат бус байгууллагад түшиглэн, тэдгээрийг хянан шалгах чиг үүргийнх нь хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд татан оролцуулах асуудлыг мөн тусгасан байна.

Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан. Уг хуульд дэлхийн улс орнуудад хэрэгждэг сайн туршлага бүхий зарим зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, Байнгын хорооддоо төвлөрсөн, хяналт шалгалтыг төлөвшүүлэх зорилгоор, гишүүний саналыг хүлээн авч хэлэлцсэний үндсэн дээр тухайн Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргадаг болсон. Улсын Их Хурлаас хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг холбогдох Байнгын хороо хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэн, шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд оруулах буюу заавал хэлэлцдэг зохицуулалттай болсон.

Түүнчлэн Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хүчтэй сөрөг хүчнийг бүрдүүлэх чиглэлээр хяналт шалгалтын эрх хэмжээг нэмэгдүүлсэн. Жишээ нь цөөнхийн бүлэг төсвийн хяналтын сонсголыг санаачлах, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос явуулсан хяналтын сонсголын тайлан, түүнд өгсөн санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах гэх мэт шинэ боломжууд бий болсон.

Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд системтэй хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн, хангалттай бүрдсэн. Цаашид бид парламентын хяналтыг үйл ажиллагааныхаа соёл болгон төлөвшүүлэх нь чухал байна. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт болон түүнд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагуудын хяналт шалгалтын үйл ажиллагаа уялдаа холбоотой, давхардал хийдэлгүй байхад анхаарч, хяналт, үнэлгээг үр нөлөөнд чиглүүлэх нь нэн чухал үүрэгтэй.

Эрхэм гишүүд ээ,

Эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүд ээ

Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлж, түүний нөлөөг нэмэгдүүлэхэд та бүхний сайн туршлага, оролцоо чухал ач холбогдолтой юм.

Монголын ардчилсан засаглалын үндэс суурийг бэхжүүлэн хамгаалахын төлөө цаашид ч тууштай хамтран ажиллахыг уриалж байна. Мөн парламентын хяналтын үйл ажиллагааг тогтмолжуулах чиглэлээр Улсын Их Хурлын Тамгын газар онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгож байна.

2024.11.19

Улаанбаатар хот

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх