Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн хуучин буюу зүүн талын гүүрний хөдөлгөөнийг хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэх юм. Энэ талаар НЗХГ-ын Гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “2022 онд Зайсангийн хос гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар баруун талын шинэ гүүрний барилгын ажлыг дуусгаж хөдөлгөөнийг нээсэн. Харин зүүн талын хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барина. 2024 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл хуучин гүүрний хөдөлгөөнийг түр хааж, Зайсангийн иргэдийн хэрэглэж байгаа бохир усны шугамыг шинэ татсан шугамтай холбох ажлыг гүйцэтгэнэ. Бохир усны шугамын холболтыг хийж дуусаад арванхоёрдугаар сарын 1-нээс хуучин гүүрний хөдөлгөөнийг нээнэ. Оргил ачаалал дууссаны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард хуучин гүүрний хөдөлгөөнийг эргүүлэн хааж, буулгаж шинээр барих ажлыг эхлүүлнэ” гэв.