Бидний анд нөхөр, Өмнөговь аймгийн Говь HD телевизийн захирал, найруулагч, сэтгүүлч Мөнхтогоогийн Мөнхбат 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлж, ачлалт ээж, ахан дүүс, анд нөхөд, хэвлэл мэдээллийн салбарын хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
М.Мөнхбат нь 1981 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд айлын 5 дахь хүү болон мэндэлжээ.
1998 онд Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, Харцага дээд сургуульд элсэн суралцан, Тайз дэлгэцийн найруулагч мэргэжил эзэмшсэн билээ. Ажил амьдралын анхны гараагаа “Сурагч” сонины менежер, сурвалжлагчаар ажиллаж эхэлснээр хэвлэл мэдээллийн салбартай салшгүй холбогдсон түүхтэй.
Тэрээр Улаанбаатар хотод өдөр тутмын сонинд сурвалжлагч, УИХ-ын гишүүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад 2008 онд төрж өссөн Өмнөговь аймагтаа ирж, 21-р суваг телевиз, UCTV, Говь HD телевизийн захирал, найруулагч, сэтгүүлчээр ажиллаж, говь нутгийн зон олондоо мэдээ мэдээллийг шуурхай хүргэн, ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан юм.
М.Мөнхбат нь сайн сэтгүүлч, найруулагч, менежер төдийгүй олон залуусыг сургаж хөгжүүлсэн чадварлаг “багш” билээ. Түүний бэлтгэсэн сэтгүүлч, зураглаач, найруулагч олон залуус хэвлэл мэдээллийн салбартаа амжилттай ажиллаж байна.
М.Мөнхбат нь МСНЭ-ийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр ажиллаж, бүх л арга хэмжээнд хэвлэл мэдээллийн салбарын хамт олноо манлайлан оролцдог идэвх санаачилгатай анд нөхөр минь байлаа.
Хэвлэл мэдээллийн салбарт ажилласан хорь гаруй жилийн хөдөлмөрөө үнэлүүлж МСНЭ-ийн дээд шагнал “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “Ган үзэгтэн”, Өмнөговь аймгийн оны шилдэг сэтгүүлчийн “Мөнгөн үзэг” цомын эзэн болсон шилдэг гишүүн минь байсан юм.
Түүний минь өрөвч нинжин, хүнлэг элгэмсүү, тусч нөхөрсөг, ажилч хичээнгүй, зарчимч тууштай зан чанар бид бүхний сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдлээ.
Хайртай ээж, гэр бүл, ахан дүүс, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
МСНЭ-ИЙН ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХАМТ ОЛОН