Тэртээх 1994 онд тухайн үеийнхээр Эрдэнэт хотын өмгөөлөгчдийн зөвлөлөөс дадлагажигч өмгөөлөгчөөс ажлынхаа гарааг эхэлж, Хэнтий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шийдвэр гүйцэтгэгч, ахлах шийдвэр гүйцэтгэгч, тасгийн даргаар ажиллаж байсан Х.Отгончимэг эдүгээ итгэл даасан өмгөөлөгч болжээ.
Тэрбээр эрүүгийн, иргэний чиглэлээр ажилладаг бөгөөд түүнд үйлчлүүлэгчийнх нь “баярлалаа” гэх үг урмын гал дээр нь тос нэмсээр ирсэнд талархнам. Энэ л сайхан бодол тээсэн ариун үйлсээр жигүүр хийж өмгөөлөгч болсон хувь заяандаа дэндүү ихээр бахархаж явдгаа олонтаа хэлж байлаа. Улмаар үнэний алтан дэнсэнд шударга ёсыг тэнцүүлж, хүний эрхийн мэдрэмж, мэргэжлийнхээ үнэ цэнээр гангарч яваа үе үеийн өмгөөлөгчдөөрөө бахархаж хүндлэн дээдэлж явдгаа ч онцолсон юм. Тийм ээ, эзэмшсэн мэргэжлээ өнгөлж зүлгэнэ гэдэг ийм агуу, амттай ажгуу.
-Хүсэл мөрөөдлийн түлхүүр болсон мэргэжлээрээ ажиллана гэдэг юутай сайхан. Нөгөөтэйгүүр өргөн түмний итгэл болсон ажлын анхны гараа цаашдын амьдралын замыг гэрэлтүүлдэг байх аа?
– Баярлалаа. Өмгөөлөгч хэмээх алдрыг хүртэж, ард түмнийхээ тусын тулд ажиллаж амьдарч яваадаа туйлын баяртай байдаг. 1994 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг дүүргээд Орхон аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлд Шаравнямбуу, Д.Оюунчимэг, Ш.Оюумаа нарын ажил амьдралын арвин туршлагатай өмгөөлөгч нарын удирдлаган дор ажлын гараагаа эхэлж байлаа. Тэднээс хуульч өмгөөлөгч болох ёс зүй, өргөдөл гомдлоо хэрхэн яаж бичих, хүнтэй яаж харьцах бүхий л эрхэм чанаруудыг суралцсан. Эдүгээ Монголын өмгөөлөгчдийн холбоо хэмээх их айлаар овоглогдон өдий хүртэл ажиллаж, амьдарч яваа нь миний амьдралын утга учир. Тодруулбал,хэзээ ч шантарч цуцаж байгаагүй энэхүү сайхан мэргэжлээрээ 30 жил ажиллаж байна. Үйлчлүүлэгчдийн зүгээс тулгарсан асуудлынхаа талаар хэн нэгэнд хэлээгүй үгээ өмгөөлөгчдөө л итгэж хэлдэг. Энэ нөхцөлд мэргэжлийн хүрээнд хууль зүйн зөвлөгөө өгөөд тухайн хүний эрх зүйн байдлыг хууль шүүхийн байгууллагын өмнө хамгаалж оролцдог. Дараа нь тэднээсээ “баярлалаа” гэх үгийг сонсох үнэхээр сайхан байдаг.
-Өдий зэрэгт хүргэж өсгөж хүмүүжүүлсэн аав ээжийнх нь талаар асуухгүй өнгөрч боломгүй. Энэ тухайд?
-Миний бие Архангай аймгийн Өндөр улаан сумын уугуул. Уул ус нь тэгширсэн сайхан нутгаараа бахархаж бахдаж явдаг. Эцэг эхээс 11-үүлээ, айлын ес дэх охин. Тухайн үеийнхээр Эрдэнэт хотын 10- н жилийн I дүгээр дунд сургуулийг дүүргэсэн. Энэ бүх гэр бүлийн суурь хүмүүжил,ачлал энэрэл хайртай аав ээжтэй минь салшгүй холбоотой.
-Аливаа зүйл хоёр талтай. Иймд өмгөөллийн замнал буюу, өмгөөлөл хийх явцад сайн сайхан, саар зүйл олонтаа тохиолдож байгаа даа?
-Тийм ээ, өмгөөллийн ажлын явцад зарим үед үл ойлголцох байдал үүсдэгийг нуугаад яахав. Гэвч тэр бүхэнтэй зэрэгцэн уурлаж бухимдах биш, хэрэв би таны эрхийг сэтгэлд тань хүртэл өмгөөлж чадахгүй байгаа бол дараагийн өмгөөлөгчид хандаж болно оо гэж ойлгуулж хэлдэг. Хэргийн оролцогчид болон үйлчлүүлэгчдийн ар тал аав ээж ах дүүс нь гээд бидний ажлыг үл ойлгох хүн цөөнгүй байдаг. Өмгөөлөгчдөд л хандсан юм чинь бид ял шийтгэлгүй, төлбөр төлөөсгүй гарна гэсэн ойлголтоор дураараа загнах нь ч бий. Бас ялалт байгуулна биз дээ, хэрэгсэхгүй болгоно биз дээ гэж тулган шаардаг. Энэ бол буруу. Бид амлалт өгдөггүй, хуулийн хүрээнд шийдвэрлүүлнэ гэдгийг ойлгуулдаг. Хамтын гэрээний дагуу үйлчлүүлэгчдийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн төлөө ажиллахыг эрхэм зорилгоо болгодог. Инээсэн биш, уурлаж бухимдсан янз бүрийн ааш араншинтай хүмүүс бидэнд ханддаг. Аль болох тэр бүгдийн эв зүйг олж, уур омгийг нь дарж ойлгуулж, учирлаж явахад бидний харилцаа хандлагын зарчим оршдог.
– Энэ л үүднээс эмэгтэй хүнд зарим талаар ахадсан ажил юм шиг санагддаг?
-Өмгөөлөгчийн ажил шүүгч прокуроруудтай харьцуулахад тийм амар биш. Иймд бидний зүгээс Монгол Улсынхаа хуулийн дагуу үнэн зөв шударгаар ажиллахыг хүсдэг. Тухайлбал, таны асуудал хуулиндаа ингэж тусгагдсан байна, таны гаргаж өгсөн нотлох баримт тийм байна гэж тус бүрд нь нэг бүрчлэн танилцуулдаг.
– Аливаа бүхэн дандаа шулуун дардан байдаггүй. Сэтгэл дундуур үлдсэн өмгөөлөл гэвэл?
– Ажил хийж явахад алдаа оноо зэрэгцэн оршдог жамтай Хохирлын болон процесын хувьд шүүхийн шийдвэрээ харж байхад дутуу дулимаг буюу арай дутуу тайлбар хийж, энэ хуулийн заалтыг нэмж тайлбарлах байсан байна гэж бодогдох үе гардаг юмаа. Гэвч энэ үйлдлээ дахин давтахгүйн төлөө өөртөө дүгнэлт хийж ажилладаг даа.
-Хамгийн эрхэмлэн дээдэлдэг зүйл тань юу байдаг бол?
– Улирах цагийн түүх, урагшлах ирээдүйн зүг чиг нь болсон хуульч өмгөөлөгч гэсэн нэр хүндийг ямагт өндөрт өргөж явахыг хичээдэг. Хэзээ ч үрсийнхээ төлөөх сэтгэл нь дундардаггүй аав ээж маань сурч боловсрох нөхцөлийг минь бүрэн дүүрэн хангаж сайхан мэргэжил эзэмшүүлж чадсан. Тийм учраас ачийг нь хариулж мэргэжилдээ эзэн болж явах учиртай. Ахмад хуульч нараасаа байнга суралцаж сургаал зөвлөгөөг нь сонсон өдрөөс өдөрт хөгжсөөр явна.
-Та дотоод мэдрэмжээ хэрхэн сонсдог вэ?
– Дотоод мэдрэмжиндээ маш их итгэж, дотор хүнтэйгээ ярилцах дуртай.
– Хамгийн баярт мөчөөсөө хуваалцахгүй юу?
– Ажлын хувьд хуульч өмгөөлөгч мэргэжлээрээ тасралтгүй үнэнчээр зүтгэсэн хөлс хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж Хууль зүй, албаны тэргүүний ажилтан, Алтан гадас одонгоор энгэрээ мялаасандаа маш их баярлаж явдаг.
-30 гаруй жил гэдэг багагүй хугацаа. Сэтгэлд тодхон үлдсэн хэрэг маргааны талаар эргэн санавал?
-Нэгэн залуухан эмэгтэй эрүүгийн хуулийн тусгай ангийн 17-ын 3-дугаар зүйл, 3-1-т зааснаар залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдсон байсан. Учир нь хүний газрыг барьцаанд тавиад хугацаандаа авч өгч чадаагүй юм билээ л дээ. Энэ нь даамжраад бусдыг залилан мэхэлсэн байна гэсэн хэргээр шийтгэгдэх болсон. Ингээд СБД-ийн анхан шатны шүүгч З. Болдбаатар дээр хэрэг шийдэгдсэн. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийг газрыг нь өндөр үнэлж, зүйлчлэл өндөрсгөж шүүх рүү оруулж ирээд эрх зүйг байдлыг нь дордуулаад байсан. Энэхүү хэргийн талаар мөрдөн байцаалтын шатнаас нь тууштай маргаж, гурван жилийн турш хүсэлт өгч хөөцөлдсөөр Шүүхээр цагаатгахад үйлчлүүлэгч маань сэтгэлд нар гийх шиг болсон. Эрдэм номд сургасан багш нарынхаа ачаар ялж байсан энэхүү хэрэг санаанаас гардаггүй юм. Тийм учраас өмгөөлөгч хүн эхлээд хэрэгтэйгээ маш нягт танилцах хэрэгтэй. Дараа нь үйлчлүүлэгчдэдээ нөхцөл байдлыг танилцуулаад шаардлагатай бүх зүйлсийг ойлгуулж хэлж өгдөг. Нотлох баримт нь л зөв байвал хугацаа алдахгүй дараа дараагийн шат руу хурдан шилждэг юм.
-Ажил хэрэгч хүмүүс ажилдаа баримталдаг голч зарчимтай байдаг. Таны хувьд?
-Юуны өмнө цагийг маш сайн барьж ажилладаг шаардлага өндөртэй зарчимч хүн.
– Өмгөөлөл хийх явцад түгээмэл ажиглагддаг зүйл юу вэ?
-Ороо бусгаа энэ цаг үед иргэд маань хуулиа сайн мэдэж ухаардаггүй нь харамсалтай. Угтаа бид өдөр тутамдаа нийгмийн амьдралд оролцож байгаа учраас хуулиа мөрдөж биелүүлж хүндэтгэлтэй хандах ёстой. Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг засаг захиргаа, орон нутгийн зүгээс иргэдэд хуулийг сурталчлан таниулах ажил дутмаг санагддаг. Учир нь, бидэн дээр ирж байгаа хүмүүс ихэнхдээ л эрх зүйн мэдлэг муутай байдаг юм.
-Ингэхэд анхны хэргийн тухайд юу хэлэхсэн бол. Анхны зүйлд сандарч тэвдэх зүйл гардаг шүү дээ?
– Анх ажилд ороод зөвлөлийн даалгавраар дадлагажигч өмгөөлөгчөөр ажиллаж эхлэх үед хулгайн хэрэг дээр ажиллах болсон. Энэ үед өвдөг чичрээд, үйлчлэгчээ дагаж уйлах гээд үг, өгүүлбэрээ ч бүрэн дүүрэн хэлж чадахгүй ихэд хөглөж билээ. Гэтэл Бямбажав прокурор,Туул шүүгч хоёр залуу хүн намайг маш сайн ойлгож тайвшруулж байсан нь санаанаас гардаггүй юм. Ингэж нэг хэргийн төлөө ажиллаж байгаа бүрэлдэхүүн залуу үе биднийг ойлгоно гэдэг үнэхээр сайхан байдаг юм билээ.
– Хэлэх дуртай үг тань?
-“Заяа нь дэлгэр” гэдэг үгийг хэлэх дуртай. Хүүхэд байхаасаа энэ үгийг хэлж заншсан. Заяа тэгш явах нь хүний амьдралын үнэ цэнэ гэж боддог. Эцэст нь мэргэжил нэгт өмгөөлөгчдөө маш их хайрлан хүндэлж явдаг. Учир нь бид шүүгч прокуроруудтай мэтгэлцэж байж үйлчлүүлэгчдээ авран хамгаалдаг. Ийм хүнд ажлын ард гардаг учраас маш эрчим хүч алдагддаг нь зүйн хэрэг. Ахмад өмгөөлөгчдөөсөө их зүйлийг сурч, залуу өмгөөлөгчдөдөө эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж зөв шударга ажиллаарай гэж хэлэхийг хүсч байна.
Д. Нэргүй