БНСВУ-ын Ерөнхийлөгч То Лам Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуульд зочиллоо

2024 оны 10-р сарын 01 өдөр, 16 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
461162797_1134793631466231_9043432314584920343_n

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам өнөөдөр Хо Чи Минийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургуульд зочиллоо.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам энэ үеэр Хо Чи Минийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, сургуулийн хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурлаа.

Энэ онд 75 жилийн ойгоо тэмдэглэж буй тус сургуульд Вьетнам, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор зочилж буйдаа баяртай байгаагаа Ерөнхийлөгч То Лам илэрхийлэв.

Тэрбээр Хо Чи Минийн нэрэмжит 14 дүгээр сургуулийн сурагчид сурлага, хөдөлмөрөөр манлайлж, улсын тэргүүний сургууль болон хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа онцлов.

Ерөнхийлөгч То Лам БНСВУ-ын анхны Ерөнхийлөгч Хо Чи Минь нь БНСВУ-аас Монгол Улсад айлчилсан анхны удирдагч байсан бөгөөд 1955 онд хэрэгжсэн тус айлчлалаар хоёр улсын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан гэдгийг тэмдэглэлээ.

Сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд багшийн хөгжил, тоног төхөөрөмжийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор БНСВУ-ын талаас 14 дүгээр сургуульд 50 мянган ам.доллар хандивлах тухай батламжийг Ерөнхийлөгч То Лам сургуулийн удирдлагад гардуулав.

Ерөнхийлөгч То Лам сурагчдын урлагийн тоглолтыг үзэж, тус сургууль болон сурагчдад сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Хо Чи Минийн нэрэмжит улсын тэргүүний 14 дүгээр сургууль нь 6 мянга гаруй сурагч, 200 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.

БНСВУ-ын анхны Ерөнхийлөгч Хо Чи Минийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан 14 дүгээр сургуулийг түүний нэрэмжит болгосон.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх