Нийслэл дэх цэцэрлэгүүдэд тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, шийдвэрлэх зорилгоор Боловсролын сайд П.Наранбаяр зөвлөх Д.Гантулга болон бусад холбогдох албаныхны хамт цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж эхэллээ.
Өнөөдөр Багахангай, Баянзүрх, Налайх, Сүхбаатар дүүрэг дэх орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нартай уулзаж, сургуулийн өмнөх боловсролд баримталж буй бодлого, цаашдын төлөвлөлтөө танилцуулан, санал хүсэлтийг нь сонсов.
Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчийн 659 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас дээрх дөрвөн дүүргийн 112 цэцэрлэгийн эрхлэгч нар өнөөдрийн уулзалтад оролцлоо.
Цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг нэмэгдүүлж байгаад эрхлэгч нар талархал илэрхийлж, цалин хөлс, улсын үйлдвэрийн газруудын нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүний үнэ өртөг болон чанар, гал тогооны хүчин чадал, орон тооны норматив зэрэг асуудлаар санал хүсэлт хэлэв.
Боловсролын яамнаас цэцэрлэгийн багш, эрхлэгч нарын цалин хангамжийг нэмэгдүүлэх, гал тогооны хүчин чадал, тоног төхөөрөмжийг сайжруулах зэрэг шаардлагатай ажлуудыг үе шаттайгаар төлөвлөн гүйцэтгэж байгаа бөгөөд мэргэшлийн зэргийн тухай шинэчилсэн журмыг ХЗДХЯ-нд бүртгүүлэхээр хүргүүлсэн талаар мэдээлэл өглөө. Мөн уулзалтын үеэр эрхлэгч нараас гарсан санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхээр ажиллана гэдгээ Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийлэв гэж Боловсролын яамнаас мэдээллээ.