Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад согтуурал тандагч, шалгагч (200 ширхэг) төхөөрөмжийг гардуулж өглөө. Зөрчлийн болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд оногдуулах ялын бодлогыг чангаруулсан. Үүнтэй холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэмт, хэрэг зөрчил 70 гаруй хувь буурсан эерэг үзүүлэлттэй байна.
Энэ үеэр Б.Энхбаяр сайд хэлэхдээ “Энэхүү орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг ашигласнаар нэгдүгээрт, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хоёрдугаарт, гэмт, зөрчил гаргасан этгээдэд ял завшуулахгүй байх, гуравдугаарт, цагдаагийн алба хаагч авлига, ашиг сонирхлын зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм” гэлээ.
Тус төхөөрөмж нь олон улсын стандарт шаардлага хангасан бөгөөд танил талаараа “яриулах”, үр дүнг нь “засуулах”, өөрчлөх боломжгүйгээр ашигласан даруйд хэдхэн секундэд мэдээллийг төв датад дамжуулж буйгаараа онцлогтой. Согтуурал тандагч, шалгагч нь өөр дээрээ камертай, GPS болон хуруу мэдрэгчтэй, 100.000 үр дүнг шууд хадгалах санах ойтой, согтуурлын зэргийн мэдээллийг төв сан руу шууд өгөхөөс гадна газар дээр нь хэвлэх хүчин чадалтай юм.
Ингэснээр замын цагдаагийн алба хаагчид орчин үеийн дэвшилтэт техник, технологийн тусламжтайгаар ажлаа бусдаас хараат бусаар хийх, шуурхай байх, иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байх хяналтыг сайжруулах юм.