Хугарч нугарч, хувирч өөрчлөгдөлгүй “Өмгөөлөгч” хэмээх хүндлэл хүлээсэн мэргэжилдээ тун хайртай явж ирсэн, одоо ч үйлчлэгчдэдээ итгэлийн гэрэл хайрлаж яваа хуульч, өмгөөлөгч Л.Энхсайханыг энэ удаагийнхаа ярилцлаганд онцоллоо.
Энэхүү нийгмийг эрүүлжүүлж, эерэгжүүлж, гэрэлтүүлэх үүрэгтэй хуульчийн, өмгөөллийн ажилдаа хэдийнэ ээнэгшсэн түүнээс хүний төлөөх сэтгэл, хүч, ур чадвар эрхгүй амтагдаж, байлаа. Ийнхүү аливааг мяндсан ухаан, торгон мэдрэмж, ухаан сэтгэлээрээ учиглаж яваа Энхсайхан өмгөөлөгчтэй уулзахад дахин дахин зорин очмоор зүрх дулаацуулам мэдрэмж төрснийг нуух юун. Иймд Энхсайхан өмгөөлөгчийг хувь хүнийхээ болон, эзэмшсэн мэргэжил, хариуцсан ажилдаа өөрийгөө бүрэн олчихсон хүн гэж хэлж болохоор …….
-Манайд олон хууль батлагдан гараад л байна, түүнийг дагаж мөрдөж хэрэгжүүлэх нь ямар байдаг гэж та хувьдаа бодож явдаг вэ?
–Нэн түрүүнд хууль санаачлагч, хууль тогтоогчид хуулийг маш хийдэлтэй гаргаж байгаа нь учир дутагдалтай. Тийм учраас хууль тогтоогчид хуулийн хоорондын нийцэл, давхардалыг сайн судалж байж тогтоох хэрэгтэй гэж үздэг. Тэгэхгүй бол их олон хуулинд адилхан зохицуулалт, зүйл заалтуудыг оруулж өгч байна. Мөн хуулинд “Журмаар зохицуулна” гэсэн зохицуулалт их байх юм. Манайд яамдын сайд нар нь их солигддог, нэг шинэ сайд ирээд л өмнөх сайдынхаа баталсан журмыг хүчингүй болгоод л шинээр дахин нэг журам баталдаг. Тиймээс хуулийн зохицуулалт нь маш сайн, хийдэлгүй л байх хэрэгтэй. Журам хуулиас давах ёсгүй. Хууль гэдэг нэг талаараа аливаа харилцааны дэг журам бөгөөд тэр харилцаанд оролцогч бүх хүнд ижил тэгш үйлчлэх, шударга ёсны зарчим, тэгш байдлын зарчмыг хангах учиртай. УИХ-ын гишүүд болон хууль санаачлагчид маань хуульчидтайгаа сайн хамтарч ажиллаж, хууль боловсруулах ажлын хэсэгтээ хуульчдыг аль болох олноор оруулж, хууль хоорондын уялдаа, нийцэл дээр анхаарч ажиллах хэрэгтэй гэж бодож байна.
–Хүний хувь тавиланг шийдвэрлэхэд оролцдог хуульч өмгөөлөгчдийн нийгэм дэх байр суурь, нэр хүнд ямар байдаг бол?
-Ер нь бол хуульч өмгөөлөгчдийн нийгэм дэх байр суурь, нэр хүнд өндөр байдаг гэж боддог. Харин сүүлийн үед сошиалд манай хуульч, өмгөөлөгчдийн нэр хүндийг унагаах янз бүрийн хэтрүүлэг ихтэй зүйл гарч хуульч, өмгөөлөгчдийг нийгэмд муухай харагдуулж, харлуулах гэсэн үзэл давамгайлах хандлагатай байгаа нь нууц биш. Жишээ нь: Өмгөөлөгчийн үйлчлүүлэгчийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад л гутаан доромжлох, мөн хэрэг маргааныг хуульд заасныг дагуу хянан шийдвэрлэсэн шүүгчдийн талаар янз бүрээр сошиалд бичих нь тэдний нийгэм дэх байр суурь, нэр хүнд унахад хүргэж байна. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчдэдээ үнэнч байж нууцыг нь хадгалах үүрэгтэй. Тухайн хүнийхээ хууль ёсны эрх ашиг, сонирхлыг тууштай хамгаалах зарчмаар ажиллаж, гэмт хэрэг хийсэн байлаа ч эрх ашгийг нь хамгаалах үүрэгтэй. Хуулинд хөнгөрүүлэх нөхцөл юу байна вэ, миний үйлчлүүлэгчид ямар боломж байна вэ гэдгийг эрэлхийлж, энэ талаар хүсэлтээ гаргаж өгөх, өмгөөллийн арга тактик боловсруулах гэх зэргээр ажилладаг. Гэтэл түүнийг нь харлуулаад түгээгээд эхэлдэг. Үүнээс үүдэлтэй яригдаж байгаа асуудал болов уу. Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчтэйгээ анхнаасаа хариуцлагатай ёс зүйтэй, мэргэжлийн өндөр түвшинд ажиллана гэсэн гэрээ хийгээд үүнийхээ дагуу ажиллах ёстой. Тийм учраас өмгөөлөгч хохирогчийг өмгөөлж байна уу, холбогдогчийг өмгөөлж байна уу, нэхэмжлэгч, хариуцагчийг өмгөөлж байна уу гэдгээс үл шалтгаалан ерөнхий чиг шугам нь үйлчлүүлэгчийнхээ л эрх ашгийг хамгаалах учиртай. Гэхдээ өмгөөлөгч хуулийн хүрээнд ажиллаж л хамгаална. Хуулийн боломжуудыг ашиглах тал дээр мэргэжлийн ур чадвараа гаргаж ажиллах нь хамгийн чухал. Тухайн этгээд гэм буруугаа хүлээнэ гэдэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд ордог юм. Сошиалаар хэт их хэрэг яриад, хэрэг задлаад байгаа хүмүүсийн буруу. Энэ нь нэг талаараа үйлчлүүлэгчийнхээ нууцыг задалж байна гэсэн үг.
–Таниас нийтэч сэтгэлгээ, нэгтгэж зангидах арга барил олонтаа харагддаг. Иймд залуу өмгөөлөгчдөдөө хандаж юу хэлэх вэ?
-Юуны түрүүнд хэрэг болон холбогдох хуулин дээрээ маш сайн ажиллаж сурах хэрэгтэй. Хавтаст хэргээ маш сайн судалснаар миний үйлчлүүлэгчийн ямар эрх ашиг яаж хөндөгдөж байна вэ? өмгөөлөгчийн зүгээс хэрхэн яаж хамгаалах вэ гэдэг талаасаа хуулийн гарц гаргалгааг хийж, хэрэгт ач холбогдолтой нотлох баримтуудыг цаг хугацаанд нь хуулийн шаардлага хангасан байдлаар гаргаж өгөх гэх мэтээр маш мэдрэмжтэй хандах ёстой. Сэтгэлээ гаргаж, хэрэг болгоноо том,жижиг гэж ялгахгүй ажиллах учиртай. Ингэж чадваас амжилт авчирдаг.
-Ингэхэд та өмгөөллийнхөө чиглэлээр олон нийт рүү чиглэсэн сайн дурын ажил олныг хийдэг, заримаас нь дурьдахгүй юу?
-Баярлалаа. Эргээд харахад гар сэтгэл нийлсэн өмгөөлөгч нартайгаа хамтарч чамлахааргүй олон ажлуудыг хийжээ. Тухайлбал, Өмгөөлөгчдийн Холбооны түүхэнд анх удаагаа 2011 онд “Өмгөөлөгчийн хараат бус байдал, үйл ажиллагааны зохицуулалт” гэсэн сэдвийн дор гадаадын 8 орны өмгөөлөгчид оролцсон олон улсын хурлыг өмгөөлөгч Алтангэрэл, Батзоригт, Пүрэвбаатар, Баярт нарынхаа хамтаар Төрийн ордонд зохион байгуулж байлаа.
2012 онд Анх ОХУ-ын Эрхүү хотын өмгөөлөгчдийн танхимаас миний нэр дээр урилга ирүүлсний дагуу Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартакиадад Монголынхоо өмгөөлөгчдийг зохион байгуулан зочин багаар спортын таван төрлөөр тус арга хэмжээнд оролцуулж, үүнээс хойш 2013,2014,2015,2016 онуудад ОХУ-ын Красноярск, Томск, Кемирово, Хакаст болсон Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартакиадад манай өмгөөлөгчид амжилттай оролцсоон. 2014 онд ОХУ-ын Томск хотод болсон Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартакиад Монголын өмгөөлөгчдийн нэрэмжит шилжин явах цомыг санаачилан авч очиж, тус спартакиадад хөл бөмбөгийн тэмцээнд түрүүлсэн шилдэг Өмгөөлөгчдийн багт шилжүүлдэг уламжлалтай болсон.Мөн өмгөөлөгч З.Алтангэрэл, Л.Баярт бид гурав Иркутск, Красноярск, Томск хотод болсон Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартикиадад оролцсон Монголынхоо өмгөөлөгчдийн зургаар зургийн цомог гаргаж, МӨХ-ндоо өгсөн. Энэ Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн спартакиадыг 2017 онд Монголдоо зохион байгуулахад би ажлын хэсэгт нь орж ажилласан.
Мөн анх удаа өмгөөлөгчдийнхөө дунд явган аялалыг санаачлан, өмгөөлөгч З.Алтангэрэл, Л.Баярт нарынхаа хамт зохион байгуулж байсан түүх бий. Мөн хуульчдын холбоонд олон ажил хийж байгаа, Хуульчдийн Холбоо үүсгэн байгуулагдаж байх Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хороог анх үүсгэн байгуулалцсан хүний нэг. Монголын Хуульчдын Холбоонд 2017 онд анх “Хуульчийн пробоно чуулга уулзалт”-ыг зохион байгуулж, үүнээс хойш 2018,2019 онуудад мөн чуулга уулзалтыг зохион байгуулсаны дээр 2018,2019,2022 онуудад Азийн про-боно олон улсын чуулга уулзалтанд Монголынхоо хуульчдыг оролцуулах ажлыг зохион байгуулсан ба 2025 онд Монгол Улсдаа Азийн Про боно-13 дахь чуулга уулзалтыг зохион байгуулах эрхийг Монголын Хуульчдын Холбоо авсан бөгөөд энэ чуулга уулзалтыг зохион байгуулах ажлын хэсэгт ажиллаж байна.
Мөн 2018 онд “Жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн пробоно өдөр” болгох санаачилга гаргаад тухайн үеийн Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан дэмжиж 2019 оны 3 сарын 19-ний өдөр 84 дугаартай тушаалаар албажуулснаар Монголын Хуульчдийн Холбооноос жил бүр зохион байгуулдаг том ажил болсон. Жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдөр Нийслэл, 21 аймагт зохион байгуулагддаг “Хуульчийн Про Боно өдөр” маань жилээс жилд илүү өргөн хүрээнд зохион байгуулагдаж, Төрийн болон хуулийн бүх байгууллагууд нэгдэж нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлдэг олон нийт рүү чиглэсэн үр дүнтэй сайхан ажил болсон доо. Энэ үеэр ЕБС, зарим их, дээд сургуулийн I II дугаар дамжааны оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хичээл ордог. 2019 онд хорих ангид хуульчид маань очиж ажилласан гэх мэт сайн дурын ажил гэвэл олныг нэрлэж болох байна.
-Хийж бүтээе гэсэн хүн дандаа л шинэ зүйл рүү тэмүүлж, гүүр гарцыг хайж явдаг. Энэ утгаар та ажлаа улам эрчимжүүлээд зөвлөх үйлчилгээний компаниа ч байгуулаад амжжээ?
-2023 оны 8 дугаар сард хуулийн зөвлөх үйлчилгээний “Амитис легал” ХХК-аа том хүүгийнхээ хамтаар байгуулсан. Эндээс хууль зүйн үйлчилгээг иргэн аж ахуйн нэгжид баг хамт олноороо хүргэх нь илүү үр дүнтэй, хүртээмжтэй, өгөөжтэй байна гэдгийг бодолцсон. Шинэ тулгар компанид маань Шүүн таслах ажиллагааны туршлагатай хоёр хуульч, хяналтын прокуроор ажиллаж байсан хоёр хуульч, мөн хоёр залуу хуульчтай. Бид аж ахуй нэгж байгууллагад Гэрээний эрх зүй, Компанийн засаглал, Хөдөлмөр эрхлэлтийн харилцааны чиглэлээр хуулийн этгээдэд зөвлөх үйлчилгээ үзүүлж, мөн иргэний эрх зүй, захиргааны эрх зүйн чиглэлээр зөвлөгөө өгч ажиллаж байна.
–-Их замын уртад буюу энэхүү баялаг амьдралд таны хамгийн их талархаж явдаг зүйл тань юу вэ, өөрөөр хэлбэл таны амьдралын үнэт зүйл?
– Маш сайхан асуулт байна. Миний хувьд хуучнаар ЗХУ-ын \ОХУ\ Эрхүүгийн Улсын Их сургуулийг түүхч, угсаатны эрх зүйч мэргэжлээр төгсч ирээд эрдэм шинжилгээний байгууллага болон дээд сургуульд багшилж байхад мэргэжилээ сольж, эрх зүйчээр суралцахыг зөвлөсөн хүн бол соц. нийгмийн үед миний дарга байгаад дараа МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш болсон гавъяат хуульч Тэшигийн Мөнхжаргал гуай маань юм шүү дээ. Би энэ дарга, эрхэм багшдаа маш их талархаж явдаг даа. Ингээд 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг дүүргэж эрх зүйч мэргэжил эзэмшиж Монголын Өмгөөлөгчдийн холбоо гэдэг том айлын нэг гишүүн болж олон хуульч, өмгөөлөгч нартайгаа хамтран ажиллаж, харилцан бие биесээсээ туршлага солилцон, суралцаж яваа он жилүүд маань миний амьдралын салшгүй нэгэн хэсэг, үнэт зүйл минь юм даа. Миний өдий зэрэгтэй сайн сайхан яваа маань эцэг эхийн минь надад өгсөн их хайр, ухаан, хүмүүжил, мөн цуцашгүй эрдмээ надад хайрласан орос, монгол эрдэмтэн багш нарын минь ач буян гэж тэдэндээ талархаж явдаг даа.
Энэ дашрамд Монголын Өмгөөлөгчдийн холбоо болон Хуульчдын холбооны үе үеийн удирдлагууддаа маш их баярлаж талархаж явдгаа илэрхийлье.
Д.Нэргүй