Улс, орон нутгийн 6.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 50 ортой төрөх эмнэлгийг шинээр барьж үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Төв аймгийн хэмжээнд жилд 2000 гаруй эх амарждаг бөгөөд үүний 50 гаруй хувь нь Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт амаржиж байна. Шинэ төрөх эмнэлэгтэй болсноор амаржих эхчүүд орон нутагтаа тав тухтай, тохилог аюулгүйн орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжтой боллоо.
Төв аймаг сүүлийн жилүүдэд Баянцогт, Баян-Өнжүүл, Өндөрширээт, Эрдэнэ сумын Эрүүл мэндийн төвийг шинээр барьж, 7 барилгад өргөтгөл хийн, 14 барилгад их засвар хийж, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулан, чанар, хүртээмжтэй үйлчилгээг иргэдэд үзүүлэх ээлтэй орчин бүрдүүлээд байна.
Мөн Аймгийн Нэгдсэн эмнэлэгт 3,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг шинээр байгуулж, компьютер томографи, ходоод, бүдүүн, шулуун гэдэсний дуран, эрэгтэйчүүдийн 7 төрлийн дурангийн оношилгоо эмчилгээний аппарат, бөөрний диализ, тархины судасны бичлэг, чих хамар хоолойн орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, иргэд орон нутагтаа өндөр өртөгтэй, эмчилгээ, оношилгоог хийлгэх боломжтой болсон юм.
Цаашид Нэгдсэн эмнэлэгийн Дотрын клиникийн хэсгийг зүрх судас, уушги, элэг судлал гемодиализ-ын чиглэлээр нэгтгэн өргөтгөл нэмж барихаар төлөвлөж байна.