Нийслэлийн таван эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламжийн машин хүлээлгэн өглөө

2024 оны 05-р сарын 31 өдөр, 15 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6659768d80ae7649f2a46c94

Нийслэлийн хэмжээнд түргэн тусламжийн машины парк шинэчлэлийг энэ онд хийж буй. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа таван эрүүл мэндийн байгууллагад яаралтай тусламжийн зургаан машиныг хүлээлгэн өглөө. Тодруулбал, яаралтай үед түргэн тусламж үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон БНХАУ-д үйлдвэрлэсэн “FOTON G7 Ambulance” загварын автомашиныг нийслэлийн Түргэн тусламжийн төвд хоёр, “Амгалан”, “Өргөө”, “Хүрээ” амаржих газрууд болон Шүд, эрүү, нүүрний төвд тус бүр нэгийг хүлээлгэн өгсөн юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэн, улсын хэмжээнд төрж байгаа эхчүүдийн 50 гаруй хувь нь нийслэлд төрж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаа гэсэн тооцоолол гарсан. Иймд иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тууштай бууруулах үүднээс нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад яаралтай тусламжийн зургаан машиныг хүлээлгэн өглөө” хэмээн эрүүл мэндийн салбарын хамт олонд талархал илэрхийлэн, амжилт хүслээ.

Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн дарга Д.Долгормаа “Манай эмнэлэг 1986 онд байгуулагдсан цагаасаа хойш анх удаа автомашинтай болж байна. “Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд явуулын үзлэг хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад автомашины хэрэгцээ нэн чухал байсан. Ийнхүү бидний хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж өгсөнд талархаж байна” хэмээв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх