Монголын Өмгөөлөгчдийн Холбоо нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус Холбооны гишүүн өмгөөлөгчдийн сайн дурын оролцоо, идэвх санаачилгад тулгуурлан нийгмийн хариуцлагын хүрээнд иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих зорилгоор хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх арга хэмжээг 2012 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Монгол улсад Өмгөөллийн байгууллага үүсэж хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан “Өмгөөлөгч -Танд тусалъя 2024” өдөрлөг өнөөдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 10:00-17:00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болж байна.
Тус өдөрлөгт бүхий л салбар эрх зүйн чиглэлээр мэргэшсэн өмгөөлөгчид оролцож олон нийтэд хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж байгаа юм.