Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 14 гишүүний санаачлан боловсруулсан Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар баталлаа.
Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд:
• эрүүл, идэвхтэй насжилтад бэлтгэх, ахмад настанд үзүүлэх урт хугацааны цогц тусламж үйлчилгээг сайжруулах;
• ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;
• ахмад настны эсрэг үйлдэгдэж буй эдийн засгийн хүчирхийллийг багасгах;
•• ахмад настны хөгжил, оролцоог нэмэгдүүлэх үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүжилтийн хэмжээг нэмэгдүүлэх, тодорхой болгох;
• ахмад настны асаргааны олон төрлийн үйлчилгээг бий болгон хөгжүүлэх;
• ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлж байгаа сувиллын газруудын тоо, хамрах хүрээг нэмэгдүүлэх;
• ахмад настанд протез, ортопед хийлгэх давтамжийг 5 жил байгааг 3 жил болгох;
• аж ахуйн нэгж байгууллага ахмадын сан ажиллуулахыг дэмжих, сангийн төсөв, санхүүжилтийг тодорхой болгох зохицуулалт тусгагдсан болно.
Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагалдуулан өргөн барьсан холбогдох 10 орчим хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөн Улсын Их хурлаар батлуулсан бөгөөд хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм.