Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

2024 оны 05-р сарын 21 өдөр, 12 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
445804359_951139079815933_4705439050165604733_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио манай улсад айлчилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүндэт зочныг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенц батлагдсанаас хойших 30 жилийн хугацаанд байгаль дэлхийгээ хамгаалах, цөлжилттэй тэмцэх, газрын доройтлыг бууруулах асуудлыг дэлхий нийтийн анхаарлын төвд хүргэхэд тус конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар идэвхтэй, үр дүнтэй ажилласныг Ерөнхийлөгч сайшаалаа.

Конвенцын хэрэгжилтийг хангах, олсон ололт амжилтыг улам бататгах, тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, оролцогч талуудын түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг Монгол Улс өндрөөр үнэлдгийг онцлов.

Ерөнхийлөгч мөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, Улаанбаатар хотноо 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ид өрнөж байгааг хэлэв.

Монгол Улс дэлхий нийтийн өмнө сорилт болсон цөлжилт, газрын доройтолтой тэмцэх асуудлыг чухалчлан анхаарч, цаг үеэр олсон санал, санаачилга дэвшүүлэн, чармайлт гарган ажиллаж буйд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч И.Тио талархал илэрхийллээ.

Мөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ дахин нотлов.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх