Шүлэгч, өмгөөлөгч П.Наранхүү: “Би өмгөөлөгч хүн” шүлэг миний нэрийн хуудас

2024 оны 05-р сарын 20 өдөр, 18 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
наранхүү

Говьсүмбэр аймгийн салбар зөвлөлийн дарга П. Наранхүү  2010 оноос Шүүхэд байгууллагаа төлөөлөн оролцож байсан бол 2016 оноос бие даан хүний төлөө гэсэн сэтгэлээр үйлсийн сайхныг бүтээж, өмгөөллийн гал тогоонд “буцалж” яваа билээ.

Тэрбээр бусдын  зовлонг сонсч, хувь заяаг нь  шийддэг учраас тухайн өмгөөлөгчөөс маш их сэтгэл зүтгэл, эрч хүчийг шаарддаг.  Ингэж  ажиллаж  чадваас “аль аль талдаа ялалт байгуулан, хоригдсон хүнээ чөлөөлүүлж, хүнд нөхцөлд орсон нэгэнд боломж  олгож, үйлчлүүлэгчдийн зүгээс баяр баясгаланг мэдрэх агшин л хамгийн гоё, баяртай мөч байдаг даа” хэмээн мэргэжлийнхээ сайхнаар бахархаж явдаг  нэгэн.

Энэхүү буянтай ажилд оюутан ахуй цагаас нь хөтөлж, хөглөж, өмгөөлөгч болох замыг минь нээсэн Цэндсүрэнгийн Гансүх  гэж ачтан бий. 20 гаруй жилийн турш өөрийгөө гэсээр ирсэн эрхэм багшийнхаа ачийг  хэзээ ч мартдаггүй  нь Наранхүү өмгөөлөгчийн хүндлэл, мөн чанар гэлтэй. Уран бүтээлч сэтгэлтгээтэй, өмгөөлөгч залуугийн бас нэгэн тодотгол буюу хобби нь дуу хуур, яруу найраг сонирхож туурвих юм.

Энэхүү онгод авьяасандаа хөтлөгдөн 2017 онд Говьсүмбэр аймгийнхаа  салбар  зөвлөлийн 25 жилийн ойгоор шүлгийн уралдаан,эрдэм шинжилгээний бага хурал, өмгөөллийн үг өгүүллийн уралдаан зарласан байна. Тус уралдаанд тэрбээр  өмгөөлөгч хүний ажил амьдрал, онцлогийг харуулсан “Би өмгөөлөгч хүн”шүлгээрээ  тэргүүн байр эзэлж байв.

Дараа нь шүлгээ Монголын Өмгөөлөгчдийн холбооны 90 жилийн ойн арга хэмжээн дээр уншиж, мөн хоёрдугаар байрт шалгарсан гээд чин  сэтгэлийн угаас ундарсан уг  бүтээл  “мориор” бол хол давхисаар буй.

Би өмгөөлөгч хүн

Аавын бэлгэдэж хайрласан утга төгөлдөр нэрээ
Алтан ургийн хэлхээ өндөр дээдсээр овоглодог юм болохоор
Алдрай биенд заяасан төгрөг энэ амьдралаа
Аврал эрсэн хэнд ч харамлах учиргүй өглөгтэй юм гэж бодсон
Би төөрөг гийсэн өмгөөлөгч хүн

Тэнхлэг тааруулж эргэх хүний энэхэн амьдралд
Тэнхээ алдан бэдрэх төөрөг хувь заяанд
Түшиг эрж, хань горьдон мэгдэх тэрхэн мөч орчилд
Тусламж бэлхэн сэтгэлтэй түмний нэг нь явах
Би сэтгэл тээсэн өмгөөлөгч хүн

Хаа холоос намайг л гэж хамаг итгэлээн өвөртлөөд
Халгах зовлон, түүртэх бэрхшээлээ үүрээд
Хандсан үгээ хэлж, алив үнэнээ тоочиход
Хаана, хэнд ч, хэзээ ч үл задлан нууцалдаг
Би итгэл даасан өмгөөлөгч хүн.

Үнэн худлыг дэнслэх шүүхийн ариун сүмд
Үйлийн учгийг тайлах учир шалтгааны хуулиар
Үүрэг дүүрэг тээсэн халз өөдөө тулаанд
Үйрэн үймэн шимшрэвч ухрах замгүй орох
Би тэмцэл дүүрэн өмгөөлөгч хүн

Хуурай, нойтон гэхгүй ах дүү олноо өөдөө яваасай гэсэндээ
Хуудуу дүүрэн хорвоод өмөг дутаж гомдоод гундчих вий гэсэндээ
Худлын өмнө хатуурхаж, үнэний өмнө бөхийхөөр
Хуульчийн хүлээх үүргийг нийгмийн өмнө амласан
Би тангараг өргөсөн өмгөөлөгч хүн

Ямар нэгэн сэжим буюу, шинэ санаа олохыг уран бүтээлийн гол шугамаа болгохыг зорьдог учраас түүнд сэдвийн хүрээ өргөн аж. Сайн бүтээл эзнээ дууддаг гэдэгчлэн  тус аймгийн  СГЗ, хөгжмийн зохиолч  Дашням гэх авьяастантай уран бүтээлийн ганзага нийлснээр  25 жилийн ойгоор дээрх дууны аялгуу төрж дуу болон эгшиглэжээ.

Дараа нь 30  жилийн ойгоор цоо шинээр дуулагдсан тус  дуу одоогоор мэргэжил нэгтнүүддээ хараахан хүрч амжаагүй байгаа ч он цагийн шалгуураар мөдхөн түгнэ  гэсэн ерөөлийг зохиогчдоо өргөе.

Ийнхүү салбар зөвлөлийнхөө галыг алдахгүй, өмгөөлөл, уран бүтээлээ хослуулан яваа Наранхүү өмгөөлөгч  2024 онд  өмгөөллийн ажлыг сурталчлах талаар  ялангуяа хүүхэд залуучууд болон  иргэддээ чиглэсэн олон хүртээмжтэй, дэвшилтэт  ажил хийхээр төлөвлөжээ. Ингээд Монголынхоо нийт өмгөөлөгчдөд Говь- сүмбэр аймгийнхаа салбар зөвлөлийн нэрийн өмнөөс амжилт бүтээл арвин, өмгөөллийн их зам нь дардан байг” хэмээсэн өмгөөлөгч залуугийн ерөөлийн үгстэй, түүний уран бүтээлийн өнгө аяс, үзэл бодлын ертөнцөөр цөөн хором аялсан минь энэ буюу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх