Н.Аз-Эрдэнэ сурагчдын шатрын дэлхийн аваргын тэмцээнээс 3 алтан медаль хүртлээ

2024 оны 05-р сарын 14 өдөр, 11 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
6c079ca93f8e8a273b652990af7347a7_x3

Бүгд Найрамдах Перу улсын  нийслэл Лима хотноо болсон 2024 оны Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний охидын ангилалын 3 төрөлд түрүүлж дэлхийн аварга болсон 7 настай шатарчин Н.Аз-Эрдэнэ охинд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан баяр хүргэлээ.

Н.Аз-Эрдэнэ энэ жилийн Сурагчдын шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө насанд өрсөлдсөн 40 гаруй хүүхдээс илүүрхэн “блиц”, “рапид”, “стандарт” төрлүүдээс аваргын алтан медалийг хүртжээ.

Энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд 26 орны 1200 сурагч зургаан насны ангиллаар оюун ухаанаа уралдуулж, манай улсаас 11 шатарчин сурагч оролцсон.  Монгол Улсаа төлөөлөн оролцсон өсвөрийн шатарчдаас хөвгүүдийн ангилалд Б.Учрал найм хожиж, нэг ялагдан, аварга болсон бол U9 насны охидын ангилалд Ч.Нандинжигүүр зургаа хожин, хоёр тэнцэж, алтан медалиар энгэрээ мялаажээ.

Харин U15 насны хөвгүүдийн ангилалд Н.Содбилэгт 7.5 оноогоор мөнгө, U13 насны охидын ангилалд Б.Буянхишиг, U11 насны охидын ангилалд М.Урангоо долоон оноогоор хүрэл медалийн эзэн болсон байна. Харин U9 насны хөвгүүдийн ангилалд өрсөлдсөн Б.Бат-Амгалан IV байрт шалгарчээ.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан улсынхаа нэрийг өндөрт өргөн амжилт үзүүлээд ирсэн өсвөрийн шатарчдын төлөөлөл Н.Аз-Эрдэнэ болон түүний аав, дасгалжуулагч Ч.Нямдаваад баяр хүргээд, дараа дараагийн тэмцээндээ илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөв. Ч.Нямдаваа Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Хөх монгол” шатрын клубт дасгалжуулагчаар ажилладаг. Тэрээр “Манай 3 хүүхэд бүгд шатрын спортоор хичээллэдэг. Аз-Эрдэнийн маань ах эгч хоёр улсын аваргын шагналтай. Мөн манай аймагт Аз-Эрдэнээс илүү авъяаслаг шатарчин хүүхдүүд олон бий” хэмээн ярьж байв.

Н.Аз-Эрдэнэ 4 настайгаасаа шатраар хичээллэсэн бөгөөд Монгол Улсын шатрын аварга шалгаруулах тэмцээнд найман удаа оролцож 3 алт, 2 хүрэл медалийн эзэн болж байжээ хэмээн БШУЯ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх