Бурхан хүнд даах ачааг нь үүрүүлдэг гэдэгчлэн хүний хувь заяаг шийдвэрлэхэд оролцох эрхэм үйлсэд эрдэм чадал, хүч хөдөлмөрөө зориулж яваа олон зуун өмгөөлөгчид бий. Тэдний нэг 2023 оны “Шилдэг өмгөөлөгч” П.Ундрах-Эрдэнэтэй ярилцлаа.
Эдүгээ олон хувь хүн, аж ахуй нэгжийн эрх ашгийг хамгаалж, сэтгэлд нь хүртэл шийдвэр гаргуулж байгаа тэрбээр “өмгөөллийн ажлыг хийхэд хувь хүний төлөө гэсэн чин сэтгэл, сахилга бат зайлшгүй хэрэгтэй” хэмээж байлаа.
-Оюутан байхаасаа сурч мэдэхэд тэмүүлж явсан залуу өдгөө өмгөөллийн ажлыг амжилтай эрхэлж явна. Энэ талаар яриагаа эхэлье?
Миний хувьд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2011 онд төгссөн. Хас банк, Кредит Монгол зэрэг санхүүгийн байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаад 2015 онд өмгөөлөгч болж, найзтайгаа хамтарч “Өмгөөллийн цэц мэргэн” ХХН-ийг үүсгэн байгуулаад одоог хүртэл 9, 10 дахь жилдээ өмгөөлөгчөөр ажиллаж байна.
2007 онд оюутан байхдаа танилцах дадлагаа Налайх дүүргийн нэг өмгөөлөгч дээр хийж байсан юм. Тэр шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байсан өмгөөлөгчийн өмгөөллийн үгийг нь сонсоод эргэлт буцалтгүй өмгөөлөгч болохоор шийдсэн дээ. Сургуулиа төгсөх үед Хуульч сонгон шалгаруулах тухай хууль үйлчилж байсан боловч төгссөний дараа жил Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хуульч, өмгөөлөгчдийн эрх зүйн орчин ихээхэн өөрчлөгдсөн. 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбоотойгоор Өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулсан эрдэм шинжилгээний хуралд 3-р байр эзэлж, тухайн үеийн Монголын Өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч Б.Ганбаатар гуайгаас шагнал гардаж авч байсан нь өмгөөлөгч болох замыг минь улам тод гэрэлтүүлсэн гэж боддог.
– Таныг эрүү, иргэний олон том хэрэг дээр ажиллаж байсан гэдэг. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юү?
-Томоохон хэргүүд гэвэл 2017 онд Сүхбаатарын талбай дээр жагсаал цуглаан болж, тухайн цуглааны үеэр автомашин шатаасан иргэнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 177-р зүйл, зандалчлах гэх айхтар зүйлчлэлээр зүйлчилж байсан. Тэр үед мөн яллагдагчийн өмгөөлөгчөөр ажиллаж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлүүлж байлаа. 2019 онд С.Хурц нарын гэх хэрэг буюу Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэг дээр ажиллаж өөрийн үйлчлүүлэгчээ амжилттай цагаатгуулж шийдвэрлэж байсан.
Мөн Стандарт банк, Эрдэнэт үйлдвэр, Жаст групп ХХК-тай холбоотой Жастын Батхүүгийн гэх 5 хүний холбогдсон 300 шахам хавтас хэрэг бүхий хэрэгт хэргийн гол шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажилласан. Энэ хэргийн шүүх хуралдаан анхан шат дээр 2 удаа шийдвэрлэгдэж байсан. Эхний шүүх хурал нь 21 шахам хоног болж билээ.
Мөн 2023 онд Хөгжлийн банкны гэх хэрэг дээр ажилласан. Энэхүү хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээд холбогдсон 500 гаруй хавтас бүхий хэрэг. Шүүх хуралдаан нь театрт зохион байгуулагдаж, ажлын 60 өдөр буюу 12 долоо хоног үргэлжилсэн юм юмаараа онцлог шүүх хурал болсон. Харин одоо Ногоон автобусны гэх хэрэг болон Өмнөговь аймагт болсон 13 настай охин бусдад хулгайлагдаж, амь насаа алдсан гэх сэрдхийлгэм хэрэг дээр ажиллаж байна.
–Таны мэргэжил хувь хүнээс маш их хариуцлага, мэдрэмж шаарддаг. Иймд таныхаар өмгөөлөгч хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
Өмгөөлөгч хүн ямар байх ёстой вэ гэдэг талаар байнга бодогддог. Бидний мэргэжлийн онцлог бол хэн ч чамайг ажлаа хийж байна уу үгүй гэдгийг хянаж шалгахгүй. Хэн ч ажилдаа цагтаа ирж байна уу үгүй гэдгийг бүртгэхгүй. Хамгийн чухал нь энэ ажлыг хийхэд хувь хүний төлөө гэсэн чин сэтгэл, сахилга бат зайлшгүй хэрэгтэй. Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн даргаар нэлээд хугацаанд ажиллаж байсан Батзориг ахтай дээх нь үед уулзсан юм.
Нэг хэсэг Нийслэлийн засаг даргын захирамжаар УБ хотод байдаг гаражуудыг буулгасан даа. Тэр үед Батзориг өмгөөлөгчийн гараж нь буулгах гаражуудын тоонд орчихоод, буулгаж байж. Гэтэл мань хүн өөрийнх нь хөрөнгийг нурааж байхад өөр хүнийг өмгөөлөөд л шүүх дээр явж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүний төлөө явсаар байгаад өөрийгөө мартаж, Шүүх хурлаас хурлын хооронд хоол цайгаа ч идэх завгүй үе зөндөө.
Түүнчлэн өмгөөлөгч нарт олон ажил нэгэн зэрэг давхцах үе байдаг учраас ажлын зохион байгуулалт, цагийн менежмент маш чухал. Энэ үед АНУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Айзенхаурын цагийн менежментийн арга барил хамгийн чухал гэж боддог.
Ажлыг А- чухал яаралтай, B-яаралгүй боловч чухал С -яаралтай боловч чухал биш, D- Яаралтай ч биш чухал биш гэж 4 ангилдаг. Түүнийхээ ач холбогдолтой, чухал яаралтай буюу А үнэлгээтэй ажлаас нь түрүүлж хийгээд явах нь урамтай байдаг. Дээр нь олон улсад хийгдсэн судалгаагаар хуульчдын дунд сэтгэл зүйн түгшүүр, сэтгэл гутрал их ажиглагддаг гэх юм билээ. Энэ нь мэдээж ажил мэргэжлийн онцлогтой шууд холбоотой. Гэрээ хэлцэл, хууль зүйн баримт бичиг боловсруулахдаа хүртэл хамгийн түрүүнд маргаантай харилцаа үүсвэл яаж шийдвэрлэх вэ, ямар асуудал гарч болох вэ гэдгийг олж харахыг хичээдэг тул цаг хугацаа явахын хэрээр хуульч хүний шүүмжлэлт сэтгэлээ их хөгждөг. Эндээс үзэхэд өмгөөлөгч хүн дээр аз жаргалтай, баяр хөөртэй бус ямар нэг хууль зүйн асуудалд холбогдоод түүнийгээ шийдвэрлэх арга замаа мэдэхгүй сэтгэл зүйн хувьд тодорхой хэмжээний дарамтанд орсон хүмүүс л ирдэг. Тэр үед сэтгэл зүйн тайван байдал, төвлөрөл их чухал.
-Ажлын онцлогоос хамаараад эрсдэлтэй тулгарах үе цөөнгүй гардаг байх даа?
-Янз бүрийн л зүйл тохиолдоно. Нэг удаа Гүйцэтгэх ажлын тухай хуультай хуулийн зарим зүйл заалт Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг нэг найзтайгаа хамтарч гаргасан юм.
Гэтэл тэр үер миний gmail-хаягийг хакердах гэж оролдох, мөн google data-г хуулбарлаж авах гэж оролдох, сошл хаяг руу маань нэвтрэх оролдлогууд гарч байсан. Яг тэр цаг хугацаанд бас хамт цэцэд мэдээлэл хамтарч гаргасан найзын маань сошл хаяг руу бас нэвтрэхийг оролдож байсан юм билээ.Цаашилбал, өмгөөллийн үйл ажиллагаа явуулж байх үед эсрэг талын хүн хэл амаар доромжлох, хараах асуудал олон.
– Шүүх хурлын танхимаас үйлчлүүлэгчдээсээ “баярлалаа” гэдэг үгийг сонсох шиг аз жаргалтай үе байдаггүй” гэх?
– “Баярлалаа” гэдэг үг энгийн боловч хүнд урам оруулдаг ер бусын шидтэй үг.
Хэдэн жилийн өмнө 6 настай хүүхдийн эмээ гээд хүн над дээр ирж байсан юм. Ээж нь хүүхдээ төрүүлмэгц орхиод явчихсан. Аавтайгаа, эмээтэйгээ өссөн гээд. Гол нь тэр хүүхдэд төрсний гэрчилгээ олгодоггүй. Төрсөн эцэг нь байгаад байдаг хэрнээ эх нь ор сураггүй гэх шалтгаанаар төрсөний гэрчилгээ олгдоггүй.
Тэр эмээ Улсын их хурлын гишүүн, дүүргийн, аймгийн засаг дарга гээд хандаагүй газар байхгүй. Бүгд нь тусална аа гээд байдаг мөртлөө хэн ч яаж туслахаа мэддэггүй. Гэтэл Бүхэл бүтэн Монгол Улсын иргэн зургаан нас хүрчихээд байхад бичиг баримтгүй гээд сургууль авахгүй эрсдэл үүссэн, эмнэлгийн үйлчилгээ авч чаддаггүй.Тэр хэрэгт онцгой ажиллагааны журмаар ДНК шинжилгээ хийн, эцэг нь мөн болохыг тогтоолгож, шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлээс төрсний гэрчилгээ авч өгч байлаа. Хэдэн жилийн дараа нэг найзынхаа хүүхдийн төрсөн өдөр дээр явж байхад тэр эмээ намайг хараад таниад, “баярлалаа” гэж билээ. Энэ манай ач гээд нөгөө хүүхдийг заасан. Тэр явдал ер санаанаас гардаггүй юм. Зүгээр нэг төрсний гэрчилгээ мэт боловч тэр эмээд асар их үнэ цэнэтэй олдсон.
Мөн нэг өндөр настай өвөөг орон сууцны маргаан дээр өмгөөлж амжилттай шийдвэрлүүлсэн юм. Тэр өвөө баяр болгоноор л над руу залгаж баяр хүргэдэг. Энэ бүхэнд урам зориг орж, баярлаж явдаг даа.
Энэ завшааныг ашиглан өмгөөлөгч мэргэжлээрээ бахархаад хэлэхэд процесс, хуулийг өмгөөлөгч нар л амилуулж, амьдралтай болгодог гэж боддог. Хүний эрх зөрчигдөх юм бол, хууль зөрчигдөх юм бол тэнд өмгөөлөгч л хамгийн түрүүнд дуугарч байдаг. Өмгөөлөгч хүн нь л энэ талаар зүрхэлж зоригтой хэлдэг. Яагаад гэвэл өмгөөлөгчийн өргөсөн тангараг, өөрт нь бат итгэсэн үйлчлүүлэгчийн итгэл өмгөөлөгчид ийм их урам зориг хайрладаг учраас тэр юм.
Д.Гэгээ