ИБУИНХУ-аас манай улсад англи хэлний хөтөлбөр хэрэгжүүлэхэд зориулж 10 сая фунтийн дэмжлэг үзүүлнэ

2024 оны 04-р сарын 26 өдөр, 15 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
439421410_449920854084515_355524535329497057_n

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай уулзаж, 23 дугаар сургуулиар зочлон, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцлаа.

Pearson англи хэлний хөтөлбөрийг манай улс 2022-2023 оны хичээлийн жилд 38 сургуульд туршилтаар хэрэгжүүлсэн бол энэ хичээлийн жилд төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн 5-6 дугаар ангийн 140 орчим мянган хүүхэд судалж байна. Ирэх хичээлийн жилд Pearson хөтөлбөрийг судлах сурагчдын тоог нэмэгдүүлнэ.

2023 онд батлагдсан Боловсролын ерөнхий хуулиар сурагчдын судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байхаар хуульчилсан. Тиймээс хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор ирэх 2024 оны 9 дүгээр сарын 1-нээс 3 дугаар ангийн сурагчид англи хэл үзэж эхэлнэ. Мөн энэ хүрээнд багш нарыг бэлтгэх, давтан сургах юм. Англий хэлний хөтөлбөрийг хэрэгжилтийг ИБУИНХУ-ын Гадаад хэргийг сайд дэмжихээ илэрхийлж 3 жилийн хугацаанд 10 сая фунтийн дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Pearson англи хэлний хөтөлбөрөөс гадна тус улсын Кембрижийн их сургуультай манай улс боловсролын салбарт хамтран ажилладаг. Энэ хүрээнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын тогтолцоог бүрдүүлэх, бэхжүүлэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна.

Мөн дэлхийн хэмжээнд их дээд сургуулиудын эрэмбэ чансааг тогтоодог Times Higher Education байгууллагатай хамтран 2023 онд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дээд боловсролын байгууллагуудын үндэсний эрэмбийг анх удаа тогтоосон. Хамтын ажиллагаа цаашид ч үргэлжилж тодорхой давтамжтайгаар эрэмбэ чансааг шинэчилж байх юм. Үндэсний үнэлгээний тогтолцоогоо бэхжүүлэх зорилгоор бид Английн AQA байгууллагатай мөн хамтран ажилладаг.

Чевнингийн хөтөлбөрийн хүрээнд сүүлийн жилүүдэд манай улсаас Англи улсад 200 гаруй оюутан суралцаж төгсөөд байна. Тэтгэлгийн хэмжээ болон хамрагдах оюутны тоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Энэ мэтчилэн ИБУИНХУ болон Монгол Улсын боловсролын салбар дахь хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байна гэж БШУЯ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх