Онцгой байдлын алба хаагчдын хувцас хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэхэд зориулж 25 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

2024 оны 04-р сарын 24 өдөр, 16 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
amarsaihan
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл, техник, бааз суурийг нэмэгдүүлэхэд шаардлагатай 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төсөвт суулгах, Онцгой байдлын чадавхыг нэмэгдүүлэхээр гал түймэртэй тэмцэх нэгж бүлгүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүллээ.
Тэрбээр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцуулах үеэрээ “Үндэсний гамшигтай тэмцэх, сөрөн тэсвэрлэх чадавхыг дээшлүүлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр сүүлийн жил гаруй хугацаанд стандарт боловсруулж, Монгол Улсын хэмжээнд гарч болзошгүй аюулыг бууруулахтай холбоотой хэд хэдэн төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй. Өнөөдрийн байдлаар манай улсын Онцгой байдлын салбарт ажиллаж буй нийт албан хаагчдын тоог хүн амын тоотойгоо харьцуулахад 60 хувь, машин механизм 40 хувийн дутагдалтай байгаа бөгөөд 10 алба хаагч тутмын гуравт мэргэжлийн хувцас хэрэглэл ноогдож буй гэсэн судалгаа бий. Иймд цаашид үндэсний хэмжээнд нийт 130 гаруй анги, нэгжийг нэмж байгуулж, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдыг сургах, ур чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай байна” гэлээ.
Онцгой байдлын хувцас хэрэглэл, техник хэрэгслийг шинэчлэх ажлыг энэ долоо хоногоос нийлүүлж эхлэх талаар Шадар сайд танилцууллаа. Эхний ээлжид гал унтраахад хэрэглэх дрон, робот ашиглах ялангуяа гал сөнөөгч, аврагчдын хувцас хэрэгслийг олон улсын шаардлагад нийцүүлэхээр ажиллаж эхлээд байна. Мөн зарлан мэдээлэх системийг шинэчлэх 30 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг УИХ-аар хэлэлцүүлэх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх