Цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэж, зорчих хөдөлгөөнийг нээлээ

2024 оны 03-р сарын 08 өдөр, 17 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsasan-shuurga-6ypzcqonjtvim9sq10mu3jftckqzjv8sdoqimt8j9kw

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан  УОК-ын Шуурхай штабын үйл ажиллагаа болоод авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.  Өнөөдрийн байдлаар /2024.03.07/ 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт хаваржилт хүндрээд байгаа бөгөөд энэ сарын 1-ний байдлаар нийт 3 сая 89 мянган толгой мал хорогдоод байгаа юм.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Засгийн газар, УОК-оос шат дараатай шийдвэрүүд гаргаж, эхний ээлжид хаагдсан зам давааны цасыг хусах, хаваржилт хүндэрсэн аймаг, сум, багийн малчдад хөнгөлөлттэй үнээр болон үнэ төлбөргүй өвс тэжээлийг хотонд нь хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Үүний хүрээнд өнөөдрийн байдлаар 68.7 мянган өрхөд нийт 184 мянга гаруй боодол өвс, 74 мянган малчин өрхөд 2.9 тонн малын тэжээл хүргэн өгч, улсын хэмжээнд цасанд боогдсон 97 мянган км замын цасыг цэвэрлэж ажилласан байна.

Мөн Засгийн газрын 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар 21 аймгийн 197 сум, нийслэлийн 2 дүүргийн 116 мянган иргэдэд 1,162 тн гурил, 584 тн цагаан будаа буюу нийт 1,746 тн хүнсний бараа, 21 аймгийн 100 суманд 100 ш туулах чадвар сайтай автомашиныг худалдан авч олгох шийдвэр гарч, хэрэгжилтийг ханган ажиллаж буй бөгөөд сумуудын Эрүүл мэндийн төвд мөн бүрэн тоноглосон, туулах чадвар сайтай автомашинуудыг олгохоор шийдвэрлэж, одоогийн байдлаар 12 сумд хүлээлгэн өгөөд байна.

Улсын Онцгой комиссын даргын 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаар тушаалын дагуу томилогдсон шуурхай бүлгийн 6 чиглэлд эрүүл мэндийн багууд 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 27-ны өдрүүдэд ажилласан.

Тус багууд нь зам даваа хаагдаж өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын малчин өрхийн нийт 470 гаруй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, 350 өрхөд эмийн багц олгосон. Мөн 478 иргэнд сэтгэцийн эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийж, 120 хүнд сэтгэл заслын эмчилгээ үзүүлсэн бол Улсын онцгой комиссын даргын 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03 дугаар тушаалын дагуу дахин шуурхай бүлгийн 7 чиглэлд эрүүл мэндийн баг гаргаж, аймаг сумдын болон отор нүүдлээр явж буй малчин иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй газар дээр нь үзүүлж, эмийн багц олгохоор ажиллаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх