Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд нутгийн өмнөд хэсгээр, 20-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -39…-44 градус, өдөртөө -26…-31 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -18…-23 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.