Монгол Улсын Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйл, Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны Цэргийн бүртгэл явуулах тухай журамд заасны дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 4-19-ний хооронд зохион байгуулж байна. Энэ талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт, Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат, “И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул нар мэдээлэл өглөө.
НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт “Цэргийн бүртгэлийг цаасан суурьт болон цахим хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй. Ингэснээр иргэн хүссэн газраасаа бүртгэлээ хийлгэх боломжтой болсон. Хүртээмжтэй байдлыг хангасан энэ тохиолдолд цэргийн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиар торгох зохицуулалт бий гэдгийг анхаарах нь зүйтэй” хэмээлээ.
НЗДТГ-ын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер Н.Насанбат “Цэргийн бүртгэлийг өөрийн оршин суугаа хорооны Засаг даргын ажлын албаны байранд ажлын өдрүүдэд 08:00-18:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 см хэмжээтэй хоёр ширхэг цээж зураг хавсаргах юм” гэв.
“И-Монгол академи” УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын Төслийн менежер Б.Батзул “Цэргийн бүртгэлийн үйлчилгээнд гурван төрлөөр хүсэлт өгөх боломжтой. Нэгдүгээрт гар утасны аппликейшн, хоёрдугаарт вэб портал буюу www.e-mongolia.mn, гуравдугаарт нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнаар дамжуулан үйлчилгээг авч болно. Мөн өнгөрсөн жилүүдэд түгээмэл гардаг байсан алдаанууд болох хаягийн шилжилт, засвар оруулах боломжгүй байдлыг засварлан, сайжруулалт хийсэн” гэдгийг онцолж байлаа. Цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системээр цэргийн бүртгэл хийлгэсэн тохиолдолд цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэх шаардлагагүй юм.