БААРАНГИЙН ПҮРЭВДАШ
1951-2023
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн зүтгэлтэн Баарангийн Пүрэвдаш 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, ах дүүс, анд нөхдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Б.Пүрэвдаш 1951 онд Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт малчин ард М.Баарангийн хоёрдугаар хүү болон мэндэлж, 1959-1963 онд Төгрөг сумын бага сургууль, 1963-1969 онд Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн дунд сургууль, нийслэлийн 12-р дунд сургуульд суралцан дүүргэжээ.
Улмаар 1969-1975 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургуульд суралцан төгсөж, сэтгүүлч мэргэжил эзэмшсэн байна.
Тэрбээр 1975-1977 онд Монголын радиогийн Гадаад нэвтрүүлгийн албаны сурвалжлагч, редактор, хариуцлагатай редактор, 1977-1983 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагчаар ажиллаж, 1983-1986 онд ЗХУ-д Нийгмийн ухааны академид суралцан түүхийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалжээ.
Б.Пүрэвдаш 1986-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагчаас хэлтсийн орлогч эрхлэгч хүртэл дэвшин ажиллаж байгаад 1990 оны тавдугаар сараас Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга, нэгдүгээр орлогч эрхлэгчээр, 1996 онд үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Ерөнхий захирлаар, 1996-2000 онд Монголын өдөр тутмын анхны чөлөөт хэвлэл “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгч, нэгдүгээр орлогч эрхлэгчээр, 2000-2011 онд Монголын үндэсний олон нийтийн радиогийн Ерөнхий захирлаар, 2011-2013 онд “Үндэсний шуудан” сонины зөвлөхөөр ажилласан байна.
Б.Пүрэвдаш нь Төрийн төв хэвлэл “Ардын эрх”, өдөр тутмын чөлөөт хэвлэл “Өнөөдөр”, улс төрийн мэдээллийн “Улс төр”, чөлөөт цаг, танин мэдэхүйн долоо хоног тутмын “Ням гариг” сонинуудыг үүсгэн байгуулалцаж, Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн анхны даргаар сонгогдон, Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийг шинэчлэн зохион байгуулах, Олон нийтийн статустай үндэсний радиог шинээр төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын сэтгүүл зүйн нэрт удирдагч, эрдэмтэн судлаач, шинэ сэтгүүл зүйн зам мөрд олон зуун залуу сэтгүүлчийг хөтлөн замчилсан багш, гарамгай редактор байв.
Тэрбээр “Шанаган булаг”, “Тэнгэр цэлмэнэ”, “Нартай өдрийн дурдатгал” зэрэг тууж, өгүүллэгийн ном хэвлүүлсэн Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, зохиолч, олон арван шилдэг нийтлэл, бүтээл туурвисан нэрт сэтгүүлч байсан юм.
Талийгаачийн хүнлэг энэрэнгүй, ажилч хичээнгүй, дотно нөхөрсөг зан чанар, зөөлөн дулаан, нүнжиг түшигтэй, гэгээн гэрэлт дүр төрх бидний сэтгэл зүрхэнд эгнэгт мөнх хоногшин үлдэх болно.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл