Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнгөрсөн хоногт нийт нутгаар цас ороогүй, цаг агаар тогтуун байсан бөгөөд хүйтний эрч хэвээр хадгалагдаж Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр -45…-50 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -39…-44 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -23…-28 градус, Их нууруудын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар -28…-33 градус, бусад нутгаар -33…-38 градус хүйтэн хонолоо. Үүнээс Увс аймгийн Зүүнговь сумын нутгаар -50 градус хүрч хүйтэрсэн байна.
Ойрын өдрүүдэд хүйтний эрч чанга хэвээр байх бөгөөд цаашид энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Мөн энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -24…-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө -26…-31 градус, өдөртөө -14…-19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байх төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.