Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайханы санаачилгаар түүхч, эрдэмтдийн хамтран бүтээсэн “Монголын Нууц Товчоог 365 хоногт” номын нээлтийг өнөөдөр (2023.12.20) Чингис хаан Үндэсний музейд хийв.
Үндэсний түүхэн их өв, хөлгөн судар “Монголын нууц товчоо”-г дэлхийн 30 гаруй орны хэл рүү орчуулж, таван тивд түгээсэн байдаг ч орчин цагийн хэлнээ хялбаршуулан буулгаж, хүүхэд, залууст уншиж, судлуулах түгээн дэлгэрүүлэх хэрэгтэйг чухалчлан нэг жилийн турш өдөр бүр унших хувилбарыг Монгол Улсын Төрийн шагналт, Гавьяат багш доктор, профессор Ш.Чоймаагийн хөрвүүлэгт тулгуурлан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, орчуулагч Г.Аким нартай хамтран бүтээжээ.
2000 гаруй монгол үгийн тайлбар толь бүхий шинэ номын дээжийг Чингис хаан Үндэсний музейд хадгалуулахаар өргөн барилаа.