Цаг агаарын хэт хүйтрэлт, байгалийн эрсдэлтэй нөхцөл, томуу, томуу төст өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн хичээл, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахаар боллоо. Тодруулбал,
- Бага ангийн сурагчид /1-5 дугаар анги/ арванхоёрдугаар сарын 18-наас 29-н хүртэл
- Дунд /6-9 дүгээр анги/, ахлах анги /10-12 дугаар анги/-ийн сурагчид арванхоёрдугаар сарын 25-наас 29-н хүртэл цахимаар хичээллэх юм. Харин цэцэрлэгийн хувьд хэвийн үйл ажиллагаагаа явуулж, ердийн цагийн хуваариар ажиллана. Хүүхдийг цэцэрлэгт нь явуулах эсэхийг эцэг эхчүүд шийдэх юм.
ЕБС-иуд цахимаар хичээллэх, сурагчдын урт хугацааны амралт эхлэх гэж буйтай холбоотойгоор хүүхдийг эрсдэл, аюул осол, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эцэг эхчүүдийн хариуцлагыг сайжруулах зорилгоор нийслэлийн холбогдох байгууллагууд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан Ажлыг хэсэг байгуулагдан ажиллаж байна. Мөн эцэг эхчүүдийн хөдөлмөрийн зохицуулалттай холбогдох шийдвэрүүд ирэх долоо хоногт албажих юм.
Нэгдүгээр сарыг дуустал автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Хүйтний эрч эрс чангарч, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор маргааш буюу арванхоёрдугаар сарын 18-наас нэгдүгээр сарыг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийхээр болсон юм. Дугаарын хязгаарлалтын цаг 08:00-20:00 хэвээр үргэлжлэх бол бүсчлэлд өөрчлөлт орох аж. Замын хөдөлгөөний ачаалал, нөхцөл байдалд өөрчлөлт гарвал мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтэд үндэслэн уг шийдвэрийг цуцалж болох талаар захирамжийн төсөлд тусгасан байна.
Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат:
-Цаг агаар эрс хүйтэрч, хөрсөн дээр -45 хэм хүрч, давс, бодисын цацсан ч цас, мөс хайлахгүй байгаа нөхцөл байдлын улмаас халтиргаа гулгаа ихсэж, замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор маргаашаас автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна. Тэгш, сондгойгоор зорчих бүсчлэлийг нарийвчлан тогтоохоор судалж байна.
Томуугийн дэгдэлт нэмэгдсэний улмаас орны ачаалал дүүрч, эргэлт удааширчээ
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 57 хувийг 0-4 насны хүүхдүүд эзэлж байна. ХӨСҮТ-өөс мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт нийслэлд томуу, томуу төст өвчний дэгдэлт идэвхжлийн үеэс алаг цоог дэгдэлтийн үе буюу улбар шар түвшинд шилжсэн. Өвчлөл нэмэгдсэнтэй холбоотойгоор одоогийн байдлаар 2263 орон дээр хүүхдүүдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Хүүхдийн 1213 орыг нэмж дэлгэсэн бөгөөд орны ачаалал дүүрч, эргэлт удааширсан. Түргэн тусламжийн төвд ирэх дуудлагын тоо ч мөн нэмэгдсэн. Иймд эцэг эхчүүд яаран, шууд эмнэлэгт очиж хүүхдийг давхар эрсдэлд оруулалгүйгээр ойр байгаа анхан шатны эрүүл мэндийн төвүүдээс зөвлөгөө авах шаардлагатай байна. Мөн иргэд амны хаалтаа тогтмол зүүн, гараа тогтмол угааж, халдваргүйжүүлэн, илчлэг сайтай хоол хүнс хэрэглэж, дулаан хувцаслах зэргээр ахуйн нөхцөлд уг өвчнөөс сэргийлэхийг уриалъя.
Халтиргаа гулгааг арилгахаар дайрга цацсан нь үр дүнтэй байна
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Сүүлийн гурав хоногийн хугацаанд 175 тонн давс, 433 тонн бодис зарцуулсан. Энэ нь нийслэлийн жилд нөөцөлдөг хэмжээний 10 хувь. Хөрсөн дээр -45 хэм хүрч хүйтрэх тохиолдолд нар гармагц хөлрөлт өгч, энэ нь дараа нь хөлдөн, авто зам мөс, халтиргаа гулгаа үүсгэх асуудал гарч байна. Тиймээс гол зам, гудамж, уулзвар, явган хүний замд дайрга цацаж эхэлсэн. Ингэснээр автомашин уулзвараар нэвтрэх чадвар сайжрах зэрэг үр дүн гарч байгаа тул ирэх долоо хоногт мөн үргэлжлүүлнэ. Цаашид -45-аас дээш хэмд үйлчлэх бодис, технологийг БНХАУ-аас татаж авахаар төлөвлөж байгаа хэмээлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС