Эх орондоо болон гадаадад, сурч, амьдарч буй залуучуудын хөгжил, хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааны хүрээн дэх хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааг сурталчлан таниулах, байнгын болон цагийн ажилд зуучлах зорилготой өдөрлөгийг энэ сарын 28-ны өдөр Худалдаа аж үйлдвэрийн танхимд зохион байгуулна.
Энэ удаагийн арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд олон талын оролцоог ханган Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл, HR клуб, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл зэрэг хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Өдөрлөгийн үеэр дараах арга хэмжээнүүд явагдана. Үүнд:
Томоохон ажил олгогч 40 байгууллагуудын нийт 2500 орчим ажлын байр зарлаж, хүний нөөцийн бүрдүүлэлт хийнэ;
Ажлын байрны зуучлал, танхимаар явагдах хэлэлцүүлэг арга хэмжээ нь байршил үл харгалзан, Expomongolia.org платформоор цахимаар давхар явагдана;
“Ажил олгогчийг дэмжих туршилтын төсөл”-ийг танилцуулж, бүртгэл хийнэ;
“Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр”-ийг танилцуулж, бүртгэл хийнэ;
Хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн систем И-Жоб платформын танилцуулга хийнэ;
Гадаадад сурах, тэтгэлэг авах, сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрхэн үр бүтээлтэй хэрэгжүүлж, ажлын байраар хангагдах талаар зөвлөмж мэдээлэл өгч, ажлын байранд зуучилна;
“Залуучуудын зохистой хөдөлмөр” үндэсний сүлжээнээс зохистой хөдөлмөрийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр сурталчилгаа мэдээлэл хийнэ.
Залуучууд “Ажил, амжилтын түүх”-ээсээ хуваалцаж, мэргэжил сонголтын болон сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, сургалтын байгууллагууд болон ментор, көүчийн сугалаат арга хэмжээ болон залуучуудад зориулсан Open-mic арга хэмжээ зохион байгуулагдана.