Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдэд тусгай зөвшөөрөл олголоо

2023 оны 10-р сарын 17 өдөр, 14 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
652e1c661431cf7f0c8d8b78
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газраас Боловсролын ерөнхий хуулийн 19, 20 дугаар зүйл, нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас сургууль, цэцэрлэг байгуулах үйл ажиллагааг дэмжиж, сургууль цэцэрлэгийн хүртээмж, хамрагдалтыг нэмэгдүүлэх заалтын хүрээнд шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг цахим хэлбэрээр буюу www.license.edu.mn системээр 2023 оны 08 дугаар сарын 01-нээс 06-ны өдрийн хооронд хүлээн авсан.
Системээр нийт 22 иргэн, аж ахуй нэгж байгууллага хүсэлтээ ирүүлсэнээс барилгын норм дүрэм, сургалтын орчны стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэх талаар 13 цэцэрлэг, 9 сургуульд магадлах ажлыг зохион байгуулж, үүнээс 10 цэцэрлэг, 5 сургуульд нийслэлийн Засаг даргын 2023 оны 10 дугаар 04-ний өдрийн А/1192 дугаар захирамжаар сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн.
Өнөөдөр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин нар шинээр байгуулагдаж буй сургууль цэцэрлэгүүдэд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг гардуулан өглөө.
Эдгээр 5 сургууль, 10 цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноор нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүчин чадал 725, сургуулийн суудлын тоо 1850-аар нэмэгдэж байна.
Мөн шинээр сургууль, цэцэрлэг байгуулах иргэн, аж ахуй нэгжийн хүсэлтийг 2023 оны 02 дугаар сард хүлээн авч 8 сургууль, 7 цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгоод байсан. Ингэснээр 2023-2024 оны хичээлийн жилд нийт 13 сургууль, 17 цэцэрлэгт сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгож, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүчин чадал 1160, сургуулийн суудлын тоо 3330-аар нэмэгдлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх