Эмгэнэл |Сүмбүүдоржийн Рашсүрэн

2023 оны 09-р сарын 15 өдөр, 11 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
375596798_1533144244123241_1359811083559055043_n

Бидний хайрт ээж Сүмбүүдорж овогтой Рашсүрэн нь 2023 оны есдүгээр сарын 7ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд хамт олон бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

С.Рашсүрэн 1948 оны тавдугаар сарын 25-ны өдөр айлын зургаа дахь охин болон мэндэлсэн. Хайрт ээж минь Өмнөговь болон Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд ажиллаж, амьдралынхаа дурсамжит сайхан он жилүүдийг өнгөрүүлэн, таван сайхан охин төрүүлж өсгөн, Алдарт эхийн хоёрдугаар одонгоор энгэрээ мялаасан билээ. Төрүүлж өсгөсөн үр хүүхдүүд болон түүний энгэрт нь тэврүүлж, энэрэл хайраар нь бөөцийлүүлэн өссөн зээ нар нь өдгөө сайн сайхан ажиллаж, амьдарч, сурч боловсорч яваа нь ямар сайн сурган хүмүүжүүлэгч, ямар сайн ээж, эмээ байсныг тодоос тод харуулж байгаа хамгийн том бахархал юм. Ээж минь худалдааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж, төрөлх сумандаа талх, нарийн боовны цех үүсгэн байгуулж, тэр үедээ хамгийн сайхан амттанг өөрсдийн гараар үйлдвэрлэдэг байсныг нутгийнхан өнөө ч дурсан ярьдаг.

Хайрт ээжийн минь нөр их хөдөлмөр зүтгэлийг Төр засгаас үнэлж, Худалдааны байгууллагын тэргүүний ажилтан, Төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, ойн медалиуд, Улсын тэргүүний уран сайханч цол тэмдгээр шагнасан юм.

Хайрт ээж С.Рашсүрэнгийн оюун ухаан төгс, хөдөлмөрч, шударга, хамт олондоо нэр хүндтэй, хүнлэг энэрэнгүй, бүтээлч, удирдан зохион байгуулагч, тууштай зарчимч, нийтэч зан чанар нь бидний сэтгэл зүрхэнд үүрд мөнх хоногшин үлдэх болно.

УМ МА НИ БАД МЭ ХУМ

Гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсдөөс нь

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх