Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцов

2023 оны 09-р сарын 01 өдөр, 18 цаг 01 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
372138888_1031039894596166_3644868678155204923_n

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хөдөө аж ахуйн их сургуулийн 66 дахь хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

2023-2024 оны хичээлийн жилд тус сургуульд 1,000 гаруй оюутан шинээр элсэн орсон байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний хуралдаанаар дээд боловсролын тэргүүлэх 83 мэргэжил, хамгийн эрэлттэй 38 мэргэжлийг баталсан.

Эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлийн 70 гаруй хувийг ХААИС бэлтгэдэг бөгөөд энэ хичээлийн жилд тэргүүлэх чиглэл бүхий 45 мэргэжлийн хөтөлбөрөөр мэргэжилтэн бэлтгэнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эрдэмтэн багш, судлаач, оюутан залууст амжилт хүсэн ерөөлөө.

Тэр бээр “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, ”Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бодит үр дүнд хүргэхэд хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад, баялаг бүтээгчид, ХААИС, харьяа эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн багш, судлаач, ирээдүйн боловсон хүчнүүдийн үүрэг, оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа чухал гэдгийг тэмдэглэв.

Мөн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг шинжлэх ухаанд тулгуурлан, амьдралд бүтээлчээр үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл” байгуулан ажиллах шийдвэр гаргасныг хэлэв.

Цаашид шилдэг боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, хүнсний бүтээгдэхүүний бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог шинэчлэн сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг зөв зүйтэй хослуулах, малын эрүүл мэндийг хамгаалах, залуу малчдыг бэлтгэх зэрэгт анхаарах учиртайг онцлов.

ХААИС нь бүрэлдэхүүний зургаан сургууль, орон нутгийн салбар хоёр сургууль, Монгол Улсын тэргүүлэх эрдэм шинжилгээний дөрвөн хүрээлэнтэй.

Бакалавр, магистр, докторын шаталсан сургалтад 10 мянга гаруй оюутан суралцаж, 1,200 гаруй эрдэмтэн судлаач ажиллаж байна. Өнгөрсөн 81 жилийнхээ түүхэнд 35 мянга гаруй дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх