Айрагтай алхалт – Булган 100 км алхалтын хөтөлбөр хоёрдахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

2023 оны 08-р сарын 16 өдөр, 16 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
367018870_672017921625042_7954177454624648919_n
Нүүдэлчин удмын монголчуудын нэгэн чухал соёл бол сүү, цагаан идээ, түүнийг дагасан соёл юм. Бидний ахуй байдал, хэрэглээний онцлог нь сүү, цагаан идээний соёлыг бий болгож, зан заншил, ёс уламжлалыг бүтээж, бие даасан үндэстний ялгаралыг нэгэнт бий болгожээ.
Тэдгээрээс айрагны соёл нь монголчууд бидний адууны соёлын чухал хэсэг юм. Унага барих, гүү саах, зэллэх, ногтлохоос эхлээд ёс уламжлалыг дагахын зэрэгцээ монголчуудын найр наадам, аливаа баяр ёслолын чухал умдаан бол айраг юм. Айргаа уугаад дэмбээдэх, хуруудах зэргээр олон төрлийн тоглоом наадгай хүртэл дэлгэрчээ.
Тэгвэл Монголын явган алхалтын холбооны гишүүд түүх, соёлын жимээр аяллаж, Булган аймгийн Засаг даргын тамгын газар, Соёлын яам, БОАЖЯ-аас зохион байгуулж буй “Айраг Фестиваль 2023” арга хэмжээнд оролцож, Булган хангай нутгийн үзэсгэлэнт газруудаар явган алхалт зохион байгуулжээ. Тус аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар явган алхагчдыг дэмжиж, айрагны соёлын томоохон арга хэмжээнд оролцох, үзэсгэлэнт газар орноор явган аялах боломжийг олгосонд алхагчид талархаж байлаа.
“Айраг фестиваль”-ийн арга хэмжээ ньхөхүүрийн айраг исгэх уламжлалт мэдлэгийг сурталчлан таниулах, айраг дагасан өв соёлыг дэлгэрүүлж соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд 8 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Дондогийн булаг хэмээх газар зохион байгуулагджээ.
Фестивалийн үеэр Монголын шилдэг дэмбээчид, Хурдан морьдын уралдаан, Сурын харваа, Айраг уух, Хос морьтон шалгаруулах тэмцээн, Шагайн харваа, Эмнэг сургах тэмцээн, Аirag day соёлын хөтөлбөр, Хүчит бөхийн барилдаан, Шилдэг хөхүүр шалгаруулах зэрэг олон уралдаан тэмцээн зохиов. Мөн орон нутгийн онцлогийг илэрхийлсэн брэнд бүтээгдэхүүн, бүтээлч үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдаа, соёлын хөтөлбөрүүдийг гадаад, дотоодын 30 мянга гаруй жуулчдад сонирхууллаа.
Монголчуудын нүүдэлчин уламжлал, түүний дотор адууны соёлын хосгүй нэгэн илэрхийлэл болсон хөхүүрийн айраг исгэх соёл нь ерөөл магтаал, зан үйл, баяр наадам, гар урлал, мал маллах арга ухаан, байгаль дэлхийгээ хамгаалах уламжлалт мэдлэгийн цогц илэрхийлэл болохыг дэлхий дахин хүлээн зөвшөөрч “Хөхүүрийн айраг исгэх уламжлал холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэн авсан байдаг юм.
Явган алхагчид фестивалийн үйл ажиллагаатай танилцаж, олон сонирхолтой хөтөлбөрүүдэд оролцож, айрагны соёлыг түгээн дэлгэрүүлэхэд бага боловч хувь нэмрээ оруулан олон нийтэд мэдээлэл хүргэх чиглэлд ажиллав. Цаашлаад Булган аймгийн байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар Уран тогоо уул хүртэл алхлаа. Тус алхалтын хөтөлбөрт Дорнод, Өмнөговь, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Төв, Булган аймгууд болон нийслэл Улаанбаатар хотын нийт 65 явган алхагч зорин очиж хамтдаа алхацгаасан юм.
Монголын явган алхалтын холбооны гишүүд байгаль дэлхийгээ танин мэдэж, аялангаа байгаль орчны боловсролд суралцаж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулж, шинэ хамт олныг үүсгэн монгол эх орноороо алхацгааж байна. Цаашид Монголын өргөн уудам нутагтаа алхагчид эко-аялал хийж, эх дэлхийд эх орноо сурталчлан таниулахад гар бие оролцсоор байх ажээ.
Эх сурвалж: Монголын Явган Алхалтын Холбоо
367482468_672017774958390_2239202652806190100_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх