Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас нийслэлийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан хүчтэй аадар бороо нэг цаг орчмын дараагаар дахин орно гэж мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг онц шаардлагагүй бол замын хөдөлгөөнд оролцохгүй, гадуур аль болох явахгүй, үер усны аюулаас сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг байхыг анхааруулж байна.
Улаанбаатарт орсон борооны улмаас Нийслэлийн Онцгой байдлын газарт гэр, байшин, орон сууцны хорооллын В1 давхар усанд автсан зэрэг 130 гаруй дуудлага мэдээлэл ирсэн. Энэ дагуу онцгой байдлын алба хаагчид, Геодези, усны барилга, байгууламжийн газрын бүх бригад ус соруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байна. Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо Натур төв, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны орон сууцны хотхонуудын хонгилын давхрууд усанд автах аюултай байгаа тул болзошгүй эрсдэлээс сэргийлэн цахилгааныг тасаллаа. Таны ойр орчимд ил гарсан цахилгааны утас, унаж болзошгүй шон тулгуур байвал өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, УБЦТС ТӨХК-ийн 24 цагийн үйл ажиллагаатай 7004-7004 дугаарын утас болон https://www.facebook.com/ubedn хуудаст цаг алдалгүй мэдээлэхийг зөвлөе.
Түүнчлэн Баянмонголын нүхэн гарц болон Энхтайваны гүүрний доод талын замын хөдөлгөөнийг түр хаагаад байгаа юм. Мөн “Peace mall” худалдааны төвийн GS 25 дэлгүүрт 25 настай эмэгтэй тогонд цохиулж, ухаан алдсан дуудлагын дагуу эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Тус эмэгтэйн амин үзүүлэлт тогтвортой, дамнуургаар тээвэрлэх явцад ухаан оржээ.