Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши ЖиньПин нар баярын мэндчилгээ ирүүлэв.
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН МЭНДЧИЛГЭЭНДЭЭ,
“Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч,
Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.
Найрамдал, сайн хөршийн уламжлалт харилцаатай манай хоёр орны хооронд ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээ, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтсон.
Цаашид “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэх нь Орос, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.
Танд эрүүл энх, амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын нийт ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.
БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН МЭНДЧИЛГЭЭНДЭЭ,
“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,
Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.
Уул, усаар холбогдсон Хятад, Монгол Улс урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцдэг.
Найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.
Хоёр талын тохиромжтой үед үзэсгэлэнт Монгол оронд дахин айлчлахыг хүсэж байна.
Монгол Улс, Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.