Зарлан мэдээллийн дохиогоор нүүн шилжих дадлага сургуулийг зохион байгуулна

2023 оны 06-р сарын 06 өдөр, 17 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
647ee07918164615ff1e71c1

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг энэ сарын 7-9-нд зохион байгуулах гэж байгаа. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нар мэдээлэл хийлээ.

Зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд нүүн шилжих дадлага сургууль  энэ сарын 8-ны өдөр 16:00 цагт улс даяар болно. Нийслэлийн нутаг дэвсгэрт гамшгийн үед түр цугларах 192 талбай бий. www.belenbai.mn сайтад тэмдэглэсэн цэгүүдээс иргэд гэр болон байгаа газраасаа хамгийн ойрхон аюулгүй газарт очиж, газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед учрах хүндрэлүүдтэй танилцаж, түүнийг хэрхэн шийдэх, газар хөдлөлтөд нэрвэгдсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх, хоол хүнсээр хангах зэрэг практик дээр учрах хүндрэлийг даван туулах дадлага сургуулийг хийх боломжтой юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

-Газар хөдлөлтийн давтамж жил болгон нэмэгдсээр байна. Газар хөдлөлтийн гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулах ажлыг нийслэл чухалчилж байгаа. Нийслэлийн хэмжээнд цугларах талбай 192 бий. Эдгээр талбайд иргэдийг цуглуулах, гамшиг ослын талаар мэдээлэл өгөх ажилд нийслэлийн төрийн захиргааны удирдах албан тушаалтнууд бүгд үүрэгтэй оролцох, дүүргийн Тамгын газрын дарга нар харьяа байгууллагуудтайгаа хамтран чанга яригч, өсгөгчөөр мэдээллүүдийг дамжуулах, онцгой байдлын албан хаагчид түр талбайд гарсан иргэдэд эрсдэлээс сэргийлэх талаар богино хэмжээний сургалт, заавруудыг өгөх, эрүүл мэнд, улаан загалмайн байгууллагын ажилтнууд иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай зүйлсийг талбайд байрлуулан ажиллах ёстой. Цагдаагийн байгууллагын албан хаагчид түр цугларах талбайд цугларсан иргэдийн аюулгүй байдал, хэв журмыг хангах учиртай. Хорооны болон сууц өмчлөгчдийн холбооны ажилтнууд хамгийн их үүрэгтэй оролцоно. Яагаад гэвэл цугларах түр талбайн байршил болон цугларах цаг, зарыг бүгдэд хүргэж, иргэдийг цуглуулах үүргийг гүйцэтгэх юм. Бүртгэлийн маягтгүй гарч ирсэн иргэдийг бүртгэх ажлыг хорооны бүртгэлийн ажилтнууд хамтарч ажиллах шаардлагууд байна гэлээ.

Дадлага сургуулийн талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:

-Стратегийн команд штабын сургуулийн үйл ажиллагаа маргааш буюу зургаадугаар сарын 7-нд эхэлж, гурван өдөр үргэлжлэх бөгөөд Ерөнхийлөгч өөрийн биеэр оролцох хөтөлбөртэй. Стратегийн команд штабын сургуулийн гол зорилго нь газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үед төрийн байгууллага, цэргийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, бүх шатны төлөвлөлтийн бичиг баримтыг шинэчлэх юм. Онцгой байдлын ажиллагааны удирдлагын төвд гамшгаас хамгаалах албад, яам агентлаг, төрийн цэргийн байгууллагын 295 албан хаагч 72 цагийн хугацаанд сургалтыг тасралтгүй явуулна. Сургалтын үйл ажиллагаанд 21 аймагт ослын удирдлагын баг бүрэлдэхүүн ажиллана. Нийт дүнгээр 2900 гаруй албан хаагч ажиллахаар бэлтгэлээ хангаад байна. Сургуулийн бодлогын хүрээнд нийслэлийн зургаан дүүрэгт газар хөдлөлтийн гамшгийн голомтод эрэн хайх, аврах, гал унтраах, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, тэсэрч дэлбэрэх болон химийн хорт бодисыг аюулгүй болгох мэргэжлийн ангийн дадлага сургуулийг зохион байгуулна. Зэвсэгт хүчний харьяанд байдаг хээрийн эмнэлгийг дэлгэж, гамшигт нэрвэгдэгсдийг эмчлэх дадлага сургуулийг явуулна гэдгийг онцоллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх