Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Хилчин эмэгтэйчүүдийн сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг

2023 оны 05-р сарын 29 өдөр, 11 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
348356953_1277122582935678_7108872711840643566_n

Орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойн босгон дээр 450 гаруй хилчин эмэгтэй Соёлын төв өргөөнд чуулж байна.

Чуулга уулзалтаар хилчин эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлуудыг оновчтой шийдвэрлэх, хилийн заставыг хөгжүүлэх, хилчин эмэгтэйчүүдийн үнэт зүйл, манлайлал зэргийн талаар хэлэлцэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх хилчин эмэгтэйчүүд болон тэдний гэр бүлд баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Тэрбээр төрсөн нутаг, эцэг, эх, эзэмшсэн мэргэжлээ орхин, хань ижлээ дагаж хилд ажиллаж буй олон зуун эмэгтэйн ажил орлоготой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төр, засгийн үүрэг гэдгийг хэллээ.

Цэргийн анги, байгууллагыг хүний хөгжлийн цогц орчин болгох, анги, байгууллагадаа ногоон орчин бүрдүүлэх, өрх бүр үйлдвэрлэгч байх, эрүүл, зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд хилчин эмэгтэйчүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Алслагдсан анги, салбарт ажиллаж байгаа төрийн үйлчилгээний ажилтнуудын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, хилчдийн хүүхдийн сурч, боловсрох боломжийг дээшлүүлэх, техник-технологийн дэвшил нэвтрүүлэх зэрэгт чиглэсэн арга хэмжээг Засгийн газар, холбогдох байгууллага, албан тушаалтнууд нэн яаралтай хэрэгжүүлэхийг сануулав.

Хил хамгаалах байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 38.5 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэдний олонх нь алслагдсан анги, салбарт ажиллаж байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх